Гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа өчигдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд хүүхдүүдтэйгээ тоглож байсан нь олон хүний анхаарлыг татаж бай сан гэнэ. Энэ тухай дуулаад түүн рүү өчигдрийн 13:00 цагт утас цохилоо.
-Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Та хүүхдүүдээ паркт тоглуулж байгаа юм уу?
-Баярлалаа. Манай гурван хүүхэд бараг сарын өмнөөс хичээлдээ бэлтгэж, догдолж эхэлсэн. Бид дөрөв өнөөдөр зуны амралтын хаалтаа хийж байна. Паркт тоглочихоод орой кинотеатр руу явахаар төлөвлөсөн.
-Есдүгээр сарын 1-нд та хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгдөг үү?
-Тэгэлгүй яах вэ. Энэ жил манай хэд “Орчлон” цогцолборын сургууль, цэцэрлэгт шинээр орж байгаа. Гурвуулаа нэг дор сурахаар надад ч амар, өөрсдөд нь ч сайхан байх.
-Хичээлийн шинэ жилтэй холбоотой хамгийн тод дурсамж тань юу вэ?
-Би орос есдүгээр сургуулийг төгссөн. Хавар хичээл тармагц Якутат өвөө, эмээгийндээ очиж ирээд монгол өвөө, эмээгийндээ амардаг байлаа. Тэр үед баглаа цэцэг ховор байсан тул гэрийнхээ таримал цэцгийг тэвэрч сургуульдаа очдог байж билээ. Энэ боломжийг тохиолдуулан Монголын бүх хүүхдэд баярын мэнд хүргэе. Хичээлээ сайн хийж, аав, ээж, эх орондоо хэрэгтэй сайн хүмүүс болоорой.
Б.ИНДРА