С.Жавхлангийн дууг хип хоптой хослуулбал ямар сонсогдох бол. Хэзээ ч огтлолцохгүй хоёр шулуун мэт сонсогдож байгаа ч “Street man” буюу “Гудамжны хүн” бүлгэмийн залуус үүнийг хийжээ. Тэд С.Жавхлангийн “Чи минь байгаа хойно” дууны аяыг ашиглаж, шүлгийнх нь зарим хэсгээс оруулан “Жаргал зовлон” хэмээх дуу бүтээсэн нь олон хүний анхаарлыг татаж байна.
10 хүн хамтран 2007 онд байгуулсан тус бүлгэм “Mongolian mix tape” анхны цомгийнхоо нээлтийг өчигдөр “Битлз”-ийн хөшөөний дэргэд хийсэн юм. “Урлаг нийгмийг дагуулдаг гэдэг. Зарим хүн хип хопыг урлаг гэж хүлээн зөвшөөрдөггүйтэй би санал нийлдэггүй. Манай бүлгийнхэн нийгмийн муу муухайг шүүмжлэхээс гадна залуусыг үндэсний соёлоо хадгалж үлдэхийг уриалдаг.
Жишээлбэл, өнөөдөр ихэнх хүн hi, hello, bye зэрэг үгээр мэндчилдгийг дуугаараа дамжуулан чадах чинээгээрээ зогсоохыг эрмэлзэж байна” хэмээн тус бүлгэмийн гишүүн Реклам ярив. Тэд өөрсдийгөө “Дайн ба энх” хэв маягаар дуулдаг хэмээдэг. Андерграунд, коммершил чиглэлийн холимог урсгал нь энэ бөгөөд “Дайн ба энх” хамтлагаас гаралтай гэнэ.
Б.ГАНДИ