Улаанбаатарын гудамжаар алхах зуураа хүмүүсийн хэрхэн хувцаслаж байгааг ажиглалаа. Аагим зун халагдах хараахан болоогүй нь охид, хөвгүүдийн нимгэн даашинз, майк, богино өмднөөс илт. Өглөө, оройдоо сэрүү унаад, намар хаяанд ирлээ. Гэвч хүмүүс нимгэн, хөнгөн хувцаснаасаа салах дургүй байх шиг. Ялангуяа залуучууд. Тэд дэндүү задгай хувцасладаг болж. Үүнийг буруутгах аргагүй.
Дэлхийн чиг хандлага тийм байгаа болохоор цаг үеэсээ хоцрохгүй байх нь залуу насны “хууль”. Үүний хажуугаар залуу сайхан бие хаагаа бусдад гайхуулах гэсэн гэнэн атлаа аальгүй зан ийнхүү орчноо, цаг агаараа үл мэдэрч, хувцсаа нимгэлж, “моодорхоход” нь нөлөөлдөг бололтой. Монголчууд намар жаахан даарахад гэмгүй, өлчир болно. Харин хаврын хавсарганаар дулаан хувцаслахгүй бол горьгүй, өвчин хуучтай болно хэмээдэг. Энэ нь цаг үеэ, орчноо мэдэрч хувцаслахыг сургасан өвгөдийн ухаан.
Өнгөрсөн сард Бельгид, үүний өмнө Францад гивлүүр зүүхийг хориглосон нь лалын шашинтнуудын эсэргүүцэлтэй тулсан. Энэ шийдвэр нь хүний эрхийг боогдуулж байгаа мэт харагдавч угтаа бол нийтийн эрхийг хамгаалсан явдал байлаа. Европын зарим оронд олон нийтийн газарт майк, богино өмд өмсөхийг мөн хориглосон. Үүнийг ч гэсэн манайхан бодолцож, олон нийтийн газарт хэрхэн хувцаслаж, хамт олон болон орчны хүмүүсээ хүндлэх соёлд суралцах нь зүйтэй болов уу.
Биеийнхээ нарийн нандин хэсгээ ил гаргасан задгай хувцас өмсөөд олон нийтийн газраар явах нь тийм ч зохистой биш шүү дээ. Үүнтэй утга нэг, хүйтний ам наашилж байгаа энэ цагт ялангуяа хүйтэн сэрүүн улиралд залуу охид гэдсээ гаргасан богино хүрэм, нимгэн жийнс өмчихөөд, нойтон үстэй дээгүүр харан алхахыг хараад өөрийн эрхгүй жихүүцдэг. Хамар нь улайж, чих нь дэлдийчихээд гар нь бээрсэн охид, хөвгүүд бусдын нүдэнд лав сайхан харагддаггүй. Гоё ганган байх нь сайхан ч эрүүл байх нь илүү чухал.
Хүн нийгмийн бүтээгдэхүүн гэдэг. Нийгэмд, хүмүүсийн дунд амьдарч байгаа хувь хүн зөвхөн өөртөө сайхан, гоё байхдаа биш бусдад ямар сэтгэгдэл төрүүлэх талаасаа бас бодолцох ёстой. Энэ нь нэг талаар тухайн хүний соёлын илэрхийлэл, өөрийгөө хүндлэх ухаан юм болов уу.
Ж.ЭРДЭНЭ