Байнга шахуу телевизээр гарч, цовоо цолгиун инээд хөөр, хүний эгдүү хүргэмээр ёжтой асуултаараа үзэгчдийг
дэлгэцийн өмнө “уядаг” байсан “М Галакси” студийн захирал Т.Өөдөө нам жим амьдрах болоод удаж буй. Дэлгэцээр гарахгүй л байгаа болохоос биш тэр сайхан амьдарч байгаа. Энэ зун Мобикомын 15 жилийн ойн шоуг хөтөлж гэнэтхэн тайзан дээр гарч ирснийхээ дараа “Өөдөө ёстой аймаар таргалсан байна билээ” гэж мөн ч олон хүнээр хэлүүлж, шар мэдээний эзэн болсон.
Түүнийг ээж болж, нялх хүүгээ халамжилж байгааг уншигчид мэдэж буй биз ээ. Бие давхар байхдаа Т.Өөдөө сонинд ярилцлага өгөх дургүй байсан. Харин энэ удаа тэрбээр бидний урилгыг таатай хүлээн авсан юм. Энэ бол ээж болсноосоо хойш сэтгүүлчдэд өгч буй түүний анхны ярилцлага. Т.Өөдөөг “MN 25 дугаар” суваг телевизийн “Ханилснаас илүү амраг” олон ангит киноны зурагт авалтад оролцож байхад нь уулзаж ярилцлаа
-“Ханилснаас илүү амраг” кинонд ямар бүсгүйн дүр бүтээхээр ажиллаж байна вэ?
-Ямар бүтээж байна вэ гэж асуухаар чинь ичих шиг болчихлоо. Ард түмний хүсэн хүлээсэн томоохон дүрийг сэтгэлд нь хүртэл бүтээснийхээ дараа л энэ үгийг ашиглаж болох юм. Уйгагүй хөдөлмөр, асар их хүч зарцуулсныхаа дараа шүү дээ. Би одоогийн байдлаар кинонд тоглож байна. Анх удаа телевизийн олон ангит кинонд тоглох санал хүлээж авсан. Наймдугаар сарын 1-нд зураг авалт эхэлж, одоо 40 хувьтай явж байна. Энэ кинонд Монголын нийгэмд байгаа олон хүүхний төлөөлөл болсон таван бүсгүйн тухай өгүүлнэ. Тэд тавуулаа өөр өөр амьдрал, зан араншин, ажил мэргэжилтэй. Би гоо сайханч мэргэжилтэй Доко гэж бүсгүйн дүрд тоглож байгаа. Доко бусдаас ялгарч онцгойроод байх хүн биш ч нийгэмд байгаа бүсгүйчүүдийн л төлөөлөл.
-Тантай уулзахаасаа өмнө киноны зохиолын товчлолтой танилцсан юм. Тэнд Доког гутранги үзэлтэй бүсгүй гэж тодорхойлсон байна билээ. Тэгэхээр танаас их өөр хүн юм аа даа?
-Үгүй үгүй. Яг тэгж тодорхойлж болохгүй. Кино дэлгэцэнд гарч, үзэгчдийн хүртээл болоогүй байхад дүрийн тухай ярих эрт байна. Доко байдаг л нэг эмэгтэй. Мэдээж тэр Өөдөөгөөс тэс өөр. Би жүжигчин мэргэжилтэй, телевизийн нэвтрүүлэг хөтөлдөг уран бүтээлч бол Доко өмнөх ажлаа хийгээд л явж байдаг, амьдралын хатуу хөтүүг үзсэн жирийн бүсгүй.
-Байнгын “тэсрэлттэй” өрнүүн амьдралтай байсан жүжигчин бүсгүй ээж болсноор хэрхэн өөрчлөгдөв өө?
-Амьдралын хамгийн том өөрчлөлт бие давхар болохоос эхэлдэг юм байна гэж би дүгнээд байгаа. Хүү минь одоо зургаан сартай. Хүүгээ төрүүлэхээс өмнө бүх зүйлийг өөрийнхөөрөө зохицуулж ажилладаг байсан бол одоо надаас илүү эрхэм нэг хүн бий болчихлоо. Тэгэхээр бүхний тэргүүнд хүүгээ боддог болсон. Хөхүүл хүүхэдтэй хүн кинонд тоглохын тулд олон ажил зохицуулах болно. Гэхдээ хамгийн чухал нь миний хүүгийн эрх ашиг. Үзэл бодолд минь иймэрхүү өөрчлөлт гарснаас гадна өмнө нь та бүхний дэлгэцээр хардаг байсан Өөдөөгийн гадаад төрх багагүй өөрчлөгдөж, жин нэмснийг харж байгаа байх.
-Ээж болоогүй бүсгүйчүүд гоо сайхандаа анхаарч, гоё сайхан байхыг илүүд үздэг. Гэхдээ хүүхэдтэй болсныхоо дараа энэ асуудал чухал биш юм шиг санагддаг шүү дээ
. -Уран бүтээлч хүний хувьд энэ ойлголт арай л өөр. Тэр тусмаа дэлгэцээр гардаг хүн гадаад төрх, жиндээ анхаарах нь зайлшгүй. Би өөртөө шүүмжлэлтэй хандаж байгаа. Амьдрал дээр жингийн өөрчлөлт асуудал биш байж болох ч дэлгэц хүнийг байгаагаас нь томоор дүрсэлдэг. Хүү минь нэмэлт хоолонд орж эхэлж байгаа учраас кино зургийнхаа хажуугаар жингээ багасгах өндөр шаардлага өөртөө тавьсан.
-“М Галакси” студийн бэлтгэдэг нэвтрүүлэг хэзээнээс телевизээр гарч эхлэх вэ?
-Студи маань одоо амралтын байдалтай байгаа. Амрах ч юу байх вэ, би ээжийнхээ үүргийг гүйцэтгэж байна. Есдүгээр сард үзэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн дүр төрхтэйгээр хөгжмийн нэвтрүүлгээ хийж эхэлмээр байна.
-Олон ангит кинонд тоглож байгаа хэрнээ жингээ багасгаад хэтэрхий өөрчл өгдчихвөл киноны ажилд нөлөөлөхгүй юү?
-Болохгүй юм байхгүй. Уран бүтээлч хүн хувийн зохион байгуулалт хийх нь буруу биш. Яахав дээ, жаахан жин нэмсэн нь зохиолын дүртэйгээ нийцтэй байгаа учраас сэтгэл хангалуун л байна
-Одоо бол амьдралын аз жаргал, баяр баясгаланг хүүгээсээ мэдэрч байгаа байх. Өмнө нь Өөдөөгийн тэр их эрч хүч хаанаас оргилоод байсан юм бол оо?
-Нэг үгээр хэлбэл дур сонирхол. Бүр жаахан бай хаасаа л уран бүтээлч болохыг хүсэж байсан. Хүслээ биелүүлж байгаа хүн эрч хүчтэй ажиллана биз дээ.
-Сургууль төгссөнийхөө дараа хошин урлагийнхантай хамтран ажилладаг байсан байх аа.
-Оюутан байхдаа л кино урлагийнхантай хамтран ажилладаг байлаа. Төгссөнийхөө дараа Б.Батзаяа ахтай уулзаад Хошин урлагийн театрт очиж ажилласан. Улмаар “Х ТҮЦ”, “Шинэ үе” продакшны тоглолтод оролцож байгаад Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 2-3 жүжгийн гол дүрд тоглосон. Дараа нь телевизийн уран бүтээлч боллоо. Гэхдээ энэ хугацаанд кинонд тоглож байлаа. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд тайз, дэлгэцийн уран бүтээлд нэг ч оролцоогүй.
-Олны хараанд өртөөгүй удаж байгаад энэ зун гэнэтхэн шоу тоглолт хөтөлсөн. Хүмүүсийн сонжсон харц, дараа нь гарсан яриа таныг гомдоогоогүй юу?
-Ажил мэргэжил маань олны нүдэнд ил байдаг онцлогтой. Сэтгэлзүйн бэлтгэлтэй байсан ч эмэгтэй л хүн юм болохоор эмзэглэлгүй яах вэ. Уншигчид ч надтай санал нийлэх байх.
-Сайн найз гэж хэн бэ. Танд цагийн шалгуураар шигшигдсэн сайн найз олон бий юү?
-Цагийн шалгуураар үлдсэн сайн найз тийм олон байдаг юм уу?
-Эргэлзээтэй л юм. Найз гэж бодож явсан хүн биш болох нь бий. Тэгэхээр олон биш байх аа.
-Цагийн шалгуур давсан олон найзтай байя гэвэл өөрөө ч гэсэн хүний сайн найз байх хэрэгтэй. Надад сайн найзууд бий. Үнэхээр сэтгэлд үргэлж ойрхон явдаг найз нартаа энэ дашрамд “та нартаа хайртаа шүү” гээд хэлчихье. Би ер нь тэгж хэлж байгаагүй юм байна. Уянга, Ундраа, багын найз Оконо, Энхзул нартайгаа байнга уулзаад байдаггүй ч сэтгэлээрээ үргэлж холбоотой явдаг. Нэгнийхээ амьдралд тохиолдсон онцгой бүхнийг хуваалцаж, хамт байдаг даа.
-Жүжигчин Ч.Ундрал та хоёр хамтран дуулдаг байсан шүү дээ. Яагаад анх дуулах болсныг нь Ч.Ундралаас асуутал “Олонд танигдах хэрэгтэй байсан юм” гэж хариулсан. Та ч бас түүнтэй ижил бодолтой байсан уу?
-Дуулъя гэсэн саналыг найз маань гаргасан. Санал нь надад таалагдсан болохоор л дуулсан юм. Түүнээс биш тухайн үед надад олонд танигдах шаардлага байгаагүй. Театрын тайзнаа хоёр ч жүжгийн гол дүрд тоглочихсон учраас хүмүүс намайг тодорхой хэмжээгээр мэддэг болсон байсан.
-Гэхдээ дуулаад багагүй амжилтад хүрсэн шүү дээ. Яагаад больчихсон юм бэ?
-Дахиад л ижилхэн хариулах нь. Дур сонирхол. Дуу намайг тийм хүчтэй татсангүй. Би мэргэжилдээ илүү хайртай. Жүжигчин хүн шаардлагатай үед дуулах л болно.
-Таныхаар амьдрал ямар өнгөтэй вэ?
-Алаг эрээн.
-Тэр олон өнгөний аль нь таны амьдралд тусгалаа олсон бол?
-Их л олон өнгөн дунд явсан даа.
-Гэгээлэг, бараан хоёрын аль нь давамгайлах вэ?
-Ингэж асуухаар чинь надад их гоё абсурд зураг төсөөлөгдөж байна.
-Таны хамгийн сайн туслагч хэн бэ?
-Хань минь.
-“Desoft” студийн захирал Эрхэмбаяртай гэр бүл болсон. Та амьдралын ханиа танихын тулд удаан үерхэж, нөхөрлөсөн үү?
-Найз нөхдийн хувиар олон жилийн өмнө бие биеэ таньдаг байсан. Дараа нь энэ хүн л миний амьдралын хань, хайж явсан хүнээ оллоо гэж бодсон учраас гэр бүл болж, хүүтэй боллоо
.-Асуухад эрт байж мэдэх ч Т.Өөдөө хэдэн хүүхэдтэй болох бол?
-Мэдэхгүй ээ. Олон хүүхэдтэй болохгүй байх аа.
-Та эхээс хэдүүлээ вэ?
-Дөрвүүлээ. Хоёр эрэгтэй дүү, нэг ахтай байсан боловч ах маань өөд болсон.
-Кино зураг авалттай үед хүүгээ хэнд харуулдаг вэ?
-Миний дүү харж байгаа.
-Таныг бага байхад Өөдөс гэж дууддаг байсан уу?
-Тэгж дууддаг л юм. Гэхдээ намайг Түмэндэлгэрийн Өөдөө гэдэг. Сайхан л нэр байгаа биз дээ.
Ж.СОЛОНГО