Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Элсэлтийн шалгалт бүх хүүхдэд ижил боломж олгодог уу

Хэдхэн хоногийн өмнө элсэлтийн ерөнхий шалгалт дуусаж, олон хүүхэд нүдэндээ нулимстай хоцров. Энэ жил үүнд 36 мянга гаруй шалгуулагч хамрагдсанаас 7333 нь их, дээд сургуульд элсэх босго давж чадалгүй бүдэрсэн юм. Өөрөөр хэлбэл, Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлснээр нийт шалгуулагчаас 24 693 нь босго оноог давж чаджээ. Харин сонгосон бүх хичээлээрээ 400-гаас бага оноо авсан нь 1355, 480-аас бага оноотой нь 7333 байгаа аж. “Хувийн болон улсын бүх их сургуулийн босго оноог 480 байхаар тогтоосон. Харин дээд сургуулийн хувьд онол, дадлага хосолсон сургалтын онцлогтой тул 440, коллеж 400, орон нутгийн сургууль 410 оноо авсан хүүхдүүдэд нээлттэй” хэмээн БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир мэдээлсэн.

Энэ жил салбарын сайд нь их, дээд сургуульд элсэх үндэсний босго оноог ийнхүү өөрчилсөн билээ. Нийт шалгуулагчаас энэ онд 208 хүүхэд 800 оноо авсан. Өнгөрсөн онд 209, 2020 онд 182, 2019 онд 109 шалгуулагч хамгийн дээд оноо авчээ.

Коронавирусийн улмаас өнгөрсөн хоёр жилд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоосон. Тодруулбал, өнгөрсөн хичээлийн жилд сурагчид нийт хичээлийн 60 орчим хувийг цахимаар судалсан учраас элсэлтийн ерөнхий шалгалтын даалгаврыг хөнгөвчилсөн билээ. Харин энэ онд даалгаврыг хөнгөвчлөөгүй бөгөөд нэлээд хүнд байсан талаар шалгуулагчид хэлсэн. 7000 гаруй шалгуулагч их сургуулийн босго давах үндсэн оноонд хүрээгүй нь даалгаврууд амаргүй байсныг илтгэх биз.

Сурагчид уг шалгалтад тааруу үнэлгээ авдгийн шалтгааныг боловсролын салбарынхан олон янзаар тайлбарладаг. Тухайлбал, “Нэст эдүкэйшн” сургуулийн Дунд сургуулийн захирал П.Лхагвасүрэн хүүхдүүдээс хувилбарт (варианттай) шалгалт авч байгаа нь шударга бус гэдгийг хөнджээ. Тэрбээр “Элсэлтийн ерөнхий шалгалт бол Монголын ирээдүй болсон хүүхэд, залуусын амьдралыг шийдэх, маш нухацтай авч үзэх асуудал. Олон улсад шалгалтыг хувилбартай байдлаар авдаггүй. Дэлхийн жишгийг дагаж, хувилбаргүй болгох хэрэгтэй. Тогтсон арга, хэрэгслээ өөрчлөхгүй, нэг хэвшмэл байгаад байвал цаашид олон хүүхэд хохирно. Шалгалтын материалыг хэчнээн сайн зохиосон ч хувилбар байгаа л бол хүүхдийн оноо хамгийн багадаа 2.5 хувиар зөрүүтэй гарах эрсдэлтэй. Жишээ нь, би нэг вариантаар 100 хувийн үнэлгээ авах боломжтой байсан бол нөгөө хувилбараар 97.5 хувь авна гэсэн үг. Хамгийн ихдээ 23 хувиар зөрж байгаа. Энэ бол маш их тоо” хэмээжээ.

Харин энэ тухайд Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат эсрэг бодолтой байгаагаа илэрхийлсэн. “Элсэлтийн ерөнхий шалгалт бол их, дээд сургууль, коллежид элсэх хүүхдүүдийн сурах ерөнхий чадварын түвшнийг тодорхойлж, шалгуулагчдыг эрэмбэлэн жагсаах уралдаант шалгалт юм. Дүн шинжилгээнээс харахад хувилбараас шалтгаалсан онооны өөрчлөлт байдаггүй. Жишээ нь, А хувилбарыг өндөр хувьтай, В хувилбарыг бага хувьтай хийсэн байна гэх зүйл байхгүй. Учир нь даалгаврын хувьд ч, үр дүнд ч ийм зүйл ажиглагддаггүй. Нэг үгээр хэлбэл, олон хувилбараас болж хүүхэд хохирсон тохиолдол байхгүй” гэж тэрбээр хэллээ. Түүнчлэн ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн нэгэн багш “Цөөнгүй хүүхэд өөрийн бус, эцэг, эхийн шаардлагаар хүсээгүй мэргэжлээ сонгож, сонирхолгүй хичээлээрээ шалгалт өгч байна. Сонгон судлах хичээлд суухгүй, эсвэл шалгалт дөхөхөөр ямар ч бэлтгэлгүйгээр гэнэт хичээл сонгож, “унах” тохиолдол гардаг. Эдгээр нь элсэлтийн ерөнхий шалгалт муу үнэлгээтэй байгаад нөлөөлдөг” гэв.

Хүссэн мэргэжлээ сонгох, амьдралын гараагаа эхлэх залууст элсэлтийн ерөнхий шалгалт бол алдаж боломгүй томоохон сорилт байдаг. Гэтэл жилийн жилд зохион байгуулалтын явцад асуудал гарч, маргаан дагуулсаар байна. Элсэлтийн ерөнхий шалгалтыг анх 2006 оноос авч эхэлсэн бөгөөд энэ хугацаанд шалгалт тойрсон маргаан тасрахгүй, Боловсролын үнэлгээний төв шалгуулагчийн гомдол, өргөдөлд дарагдсан хэвээр. Шалгалт эхэлсэн анхны өдөр л гэхэд тус төвд 300 гаруй өргөдөл ирсэн гэх. Ихэнх нь зохион байгуулалтын явцтай холбоотой. Тухайлбал, зарим хүүхэд шалгалтад ухаалаг гар утас авч оржээ. Зохион байгуулах комиссын зүгээс тарааж өгсөн харандаа, баллуур, үзүүрлэгч нь хүрэлцэхгүй байсан гэнэ. Харандаа нь хэт бүдүүн гардаг учраас алдсан тохиолдолд арилгахад хүндрэлтэй, хоёр хүүхдийн дунд нэг үзүүрлэгч, баллуур тарааж өгсөн нь хомсдол үүсгэсэн гэнэ. Ийм асуудал гарсныг Боловсролын үнэлгээний төвийнхөн үгүйсгээгүй бөгөөд дарга нь “Зөвхөн Увс аймагт л баллуур дутсан асуудал гарсан. Яагаад гэхээр өмнө нь шалгалт өгсөн хүүхдүүд баллуур, харандаа, үзүүрлэгчээ авч гарснаас дараагийн сурагчдад хүрэлцээгүй” гэх тайлбар хэлээд сууж буй. Угтаа бол шалгалтын бүртгэл, зохион байгуулалт, үнэлгээ гээд бүх л асуудлыг Боловсролын үнэлгээний төв хариуцаж байгаа. Ганц оноо бүү хэл, ганц хормоор хүүхдүүдийн амьдрал шийдэгдэж байхад хэн ч хайнга хандах ёсгүй. Үүгээр ч үл барам математикийн шалгалтын даалгавар энэ жил бас л задарчээ. Байсхийгээд л шалгалтын материал олон нийтэд ил болсон тохиолдол гардаг. Тухайн үед нь шуугиан болоод л өнгөрдгөөс шалгалтын материал яагаад задарсан, буруутай нэгэнд ямар арга хэмжээ авсан тухай төдийлөн мэдээлдэггүй. Гар утас бүү хэл, шалгалтад сурагчид өөрийнхөө харандаа, баллуур, үзүүрлэгчийг авч орохыг хориглодог. Техник, технологи хөгжсөн эрин үед хүүхдүүд гар утас авч орсноос шалгалтын материал задруулсан, харандааны үзүүр хугарсан гэх мэт зүйл яриад суух нь зүйд нийцэх үү. Үүний оронд шалгуулагчдын ерөнхий түвшин, аймаг, дүүргийн сургуулиудын сургалтын чанар, цаашид юунд илүү анхаарах талаар бодитой, даацтай судалгаа хийвэл яасан юм бэ, Боловсролын үнэлгээний төвийнхөөн.

Түүнчлэн зарим багш өөрсдөдөө олдсон мэдээллээр судалгаа гаргаж, олон нийтэд танилцуулдаг болохоос биш, улсын хэмжээнд хийсэн дорвитой тайлан судалгаа ч алга. Ерөнхийд нь шалгалт авсан 10 төрлийн хичээлээр аль аймгийн сурагчид хамгийн өндөр буюу 800 оноо авсан мэдээлэл нээлттэй харагдсан. Тодруулбал, Булган, Говьсүмбэр, Дундговь, Төв аймагт ганц ч шалгуулагч 800 оноо аваагүй юм. Өөр нэг анхаарал татаж буй “тоо” гэвэл газар зүйн хичээлээр ганцхан хүүхэд 800 оноо авсан нь Завхан аймгийн шалгуулагч байж. Түүнчлэн монгол хэлээр 10 776 хүүхэд шалгалт өгсөн ч ердөө 15 нь дээд оноо авч чаджээ. Тэдний ганц нь Улаанбаатар хотод шалгалт өгчээ. Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноонд хүрээгүй 1180 шалгуулагчид боломж олгож, ирэх наймдугаар сард элсэлтийн ерөнхий шалгалтыг дахин зохион байгуулахаар болжээ. Цар тахлаас шалтгаалан танхимаар хичээллээгүй нөхцөл байдал бага оноо авахад нь нөлөөлсөн байж болзошгүй гэж үзсэн юм билээ.

Хөгжлийн бэрхшээлтэй 30 орчим хүүхэд шалгалтад оролцох хүсэлтээ өгч баталгаажуулсан бөгөөд тэднээс цөөнгүй гомдол ирсэн гэнэ. Үүнийг эхнээс нь шийдвэрлэнэ гэдгээ Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат онцолсон. Өргөдөл, гомдол гарахаар араас нь шийдвэрлэнэ гэж хугацаа алдаж, хүүхэд, багш, эцэг, эхчүүдийг сэтгэл санааны хувьд хохироохын оронд эхнээс нь алдаа мадаг гаргахгүй байхад анхаарч, хүүхдийн ирээдүйг шийдвэрлэж буй чухал асуудалд сэтгэлтэй, эрх тэгш хандвал яасан юм бэ, хариуцсан албаны дарга, мэргэжилтнүүд ээ.

Бэлтгэсэн Ч.Болортуяа