Хувцас нь бидний төсөөлж байгаагаас ч их хэмжээний хор нөлөөг байгальд учруулдаг гэдгийг та мэдэх үү. Ганцхан ширхэг жийнсэн өмд үйлдвэрлэх хүртэлх бүх шат дамжлагад 3700 гаруй литр ус зарцуулдаг гэсэн баримт бий. Мөн улс орнуудын нийт хог хаягдлын 8-15 хувийг хэрэглээнээс гарсан, ноорхой хувцас эзэлдэг гэх тооцоо байдаг. Тодруулбал, хүн төрөлхтний өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон энэ зүйл багагүй “зарлагаар” бүтдэг, тэр хэмжээгээрээ байгальд хор хөнөөлтэй. Тиймээс дэлхийн орнууд хувцас үйлдвэрлэлийн салбарыг байгальд ээлтэйгээр хөгжүүлэх, хүмүүсийн хандлагыг өөрчлөх замаар хэрэглээг нь бууруулах, хүрээлэн буй орчинд учрах эрсдэлийг сааруулах янз бүрийн арга замуудыг эрэлхийлж байна. Үүнийг дагаад хуучин хувцас худалддаг, солилцдог, цуглуулж хэрэгтэй хүмүүст нь хүргэдэг газар олшров. Мөн шатаах үйлчилгээ ч бий болсон.
Манай улсад гэхэд “Түмэн эгшиг” ХХК хувцас шатаах үйлчилгээ үзүүлдэг юм байна. Химийн хорт болон аюултай бодисын сав, баглаа боодол дахин боловсруулах чиглэлээр хоёр жилийн өмнө үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус компани саяхнаас ийм үйлчилгээ нэвтрүүлсэн аж. Иргэд эднийхээр үйлчлүүлэхийг хүсвэл 99990428, 88990428 утсаар холбогдон, хаяхаар зэхсэн хувцсаа дуудлагаар өгч болох нь. Мөн үйлдвэрт нь биечлэн очиж, өөрөө шатаах боломжтой гэнэ. “Түмэн эгшиг” ХХК нь хорт хийн судлаач, химийн инженертэй бөгөөд хог хаягдлыг төрөл зүйлээс нь хамаараад тусгай зориулалтын зууханд байгаль орчин, хүний эрүүл мэндэд аюулгүй аргаар устгадаг байна. Хувцсыг ингэж устгаснаар хог хаягдлыг бууруулахаас гадна ахуйн түймэр зэрэг эрсдэлээс сэргийлэх давуу талтай.