“Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах “Би монгол хүн” цомгийнхоо нээлтийг энэ сарын 25-нд “Iloft function house”-т хийхээр болжээ. Үндсэрхэг үзэлтэй Амараа зочдодоо тун өвөрмөц сюрприз барих бөгөөд жинхэнэ монгол ахуйг мэдрүүлэхүйц орчин бүрдүүлэх гэнэ. Есөн хөлт цагаан туг хоймроо залахаас гадна эрэлхэг баатрын хувцас өмссөн хамгаалагчид, халх эмэгтэйн хувцастай зөөгч нар зочдод үйлчлэх юм байна.
Цомгийнхоо нээлт буюу бие даасан тоглолтын үеэр тэр шинэ цомогт багтсан бүх дуунуудаа толилуулна. Эдгээр уран бүтээлд нь хамтран ажилласан “Хар сарнай” хамтлагийн дуучин Б.Маадай, төрийн шагналт Д.Сосорбарам, ардын жүжигчин А.Долгор, Ш.Чимэдцэеэ, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, УДБЭЧ-ын уртын дууч, Д.Оюунжаргал нар ая дуугаа өргөж, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, “Номин талст”ын Т.Дэлгэрмөрөн, хөөмийч Наранбадрах, “Хөсөгтөн”, “Эрх чөлөө”, “Бөртэ чонын үрс” хамтлаг тоглолтод нь урилгаар оролцох юм. “Хар сарнай” хамтлаг байгуулагдсанаасаа хойш 20 жилийн дараа тоглолт хийж буй бөгөөд цомгийн нээлт 99 мянган төгрөгийн такстай.
Г.ГЭРЭЛ