ҮДБЭЧ-ын уран бүтээлчид жил бүр том хэмжээний бүжгэн болон дуулалт жүжиг тавих болсон нь сайшаалтай ч цөөхүүл хөгжимчид, хамтлаг бүжигчдэд зориулсан уран бүтээл цөөрсөн дутагдалтай. Тиймээс тус чуулгынхан энэ жилийн уран бүтээлийн төлөвлөгөөндөө Монголын бүх үндэстэн, ястны дуу хуураас дээжилсэн “Нүүдэлчдийн аялгуу” тоглолтыг багтаасан юм билээ. Энэ сарын 27-29-нд үзэгчдийн хүртээл болох эл тоглолтод өмнө нь чуулгын урын санд байгаагүй шинэ бүтээлүүдийг оруулжээ.
Тоглолтын найруулагчаар Д.Ганболд, хөгжмийн зохиолчоор М.Бирваа, удирдаачаар Р.Ган бат, зураачаар н.Түмэн-Өлзий нар ажиллаж байгаа юм. “Нүүдэлчдийн аялгуу” тоглолтод мартагдах дөхсөн үзэмчин ардын “Бүүвэйн дуу”, “Сэмжин үүл”, хотгойд ардын “Сүгсээ хүүхэн”, ордос ардын “Хун галуу”, боржигон уртын дуу “Хээрхэн халтар” зэрэг дууг багтааснаас гадна “Төмөр хуурын цуурай” хөгжмийн зохиомж, морин хуурын гоцлол болон Төрийн их найралд зориулсан “Их нүүдэл” зохиолыг тоглоно.
Түүнчлэн ЮНЕСКОгийн соёлын өвд бүртгэгдсэн уртын дуу, хөөмий, магтаал, цуур хөгжим, ширэн цартай хуур, нуман хуур, чулуун царгил, суухан хуур зэрэг ховор нандин хөгжмийн зэмсгийн эгшиглэнг нэгэн зохиолд багтааж буйгаараа онцлогтой. Шинэ тоглолтын тайз ч нэлээд өвөрмөц байх юм билээ. Нүүдэлчин ахуйг илэрхийлэхийн тулд монгол гэрийн гадна, дотор талыг үзүүлэхээс гадна говийнхны хэрэглэдэг тэмээн тэрэг, хангайнхны үхэр тэрэг, буриадуудын ходоог морин тэрэг, дархад, цаатангуудын чарга зэргийг бодитоор урлан тайзнаа байрлуулна гэсэн.
Ж.СОЛОНГО