Нийслэлээр овоглосон “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид таван жилийн ойгоо угтан уран бүтээлийн дээжээ өргөн барьж байна. Уг чуулгын “Хангарьд” үндэсний найрал хөгжим энэ сарын 18-нд “Айсуй хүлгийн төвөргөөн”, дуучид “Хүрээ хэмнэл” тоглолтоо 19-нд нийслэлчүүддээ толилуулах бол 20-нд бүх уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт болох аж.
“Айсуй хүлгийн төвөргөөн” тоглолтод төрийн соёрхолт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн “Рапсоди”, төрийн шагналт Ж.Чулууны “Уран хас”, төрийн соёрхолт Б.Шаравын “Сэрсэн тал” зэрэг Монголын сор болсон дан хөгжмийн бүтээлүүд эгшиглэнэ.
Харин “Хүрээ хэмнэл” тоглолтод чуулгын дуучид “Сүнжимдаа”, “Задгай цагаан үүл”, “Гандан уулын цэцэг”, “Арван тавны сар”, “Лоолой”, “Хүрэн хаалгатай дэлгүүр”, “Сэр сэр салхи”, “Хэдэн гялаан хонь”, “Ёохор”, “Гоолингоо”, “Хонин жороо морь”, “Ганган хар”, “Аяндаа мэнд яваарай”, “Янлин хуар”, “Аргагүй амраг”, “Мандах нар”, “Дөрвөн уул”, “Тохой зандан мод” зэрэг ардын дууг хүрээ маягаар дуулах аж.
Х.УЯНГА