Монголын Урлагийн зөвлөл, Монгол Францын төв, “Гёте” институт, “Глоб интернэшнл” ТББ хамтран Европын холбооны кино өдөрлөгийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ сарын 23-27-нд Улаанбаатарт болох энэхүү өдөрлөгийн талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Нээлт нь энэ сарын 23-нд “Black Box” театрт болох бөгөөд Европын Холбооны Монголыг хариуцсан төлөөлөгчийн газрын тэргүүн Маркус Эдэрэр, Европын Холбооны орнуудын Элчин сайдууд болон Бээжин дэх Монголыг хариуцсан элчин сайд оролцоно. Энэ үеэр Польш, Герман, Франц, Чех, Англи, Болгар, Унгар, Испани, Люксэмбург улсын тус бүр нэг киног үзэгчдэд үнэ төлбөргүй үзүүлэх юм байна.