Лхасаран Лодонович Линховойн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаан энэ сарын 13-15-нд Буриадын Чита мужийн Агын тойрогт болж өндөрлөлөө. Уралдаанд ДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧын дуучид болон СУИС, ХБК-ийн оюутнууд оролцож мэргэжлийн дуучдын ангиллын гран приг “Опера” дээд сургуулийн төгсөгч Э.Анхбаяр авч, ДБЭТ-ын гоцлооч Э.Бумхүү нэг, ЦДБЭЧ-ын дуучин Б.Батбаатар хоёр, ХЦДБЧ-ын дуучин Б.Дэлгэрбаяр дөрөвдүгээр байр эзэлжээ. Мөн энэ мэргэжлээр сурч байгаа оюутнуудын ангилалд ХБК-ийн оюутан Ч.Бадрал нэг, СУИС-ийн хоёрдугаар дамжааны оюутан н.Бат-Эрдэнэ дөрвдүгээр байр эзэлж, ХБК-ийн оюутан ирээдүйн дуучин буюу “Надежда” шагнал хүртжээ. Уралдааны нэгдүгээр байрын шагнал хүртсэн, дуучин Э.Бумхүүтэй ярилцлаа.
-Баяр хүргэе. ДБЭТ-т хэд дэх жилдээ ажиллаж байгаа вэ. Өмнө нь ямар уралдаанд орж байв?
-2008 онд СУИС-ийг төгсөөд театртаа орсон. Анх удаа хилийн дээс алхаж уралдаанд оролцлоо. Лхасаран Лодонович Линховойн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын урал дааны 10 жилийн ой энэ онд тохиосон учраас илүү өргөн хүрээтэй боллоо. Манайхаас 13 дуучин оролцсон.
-Уралдаан хэдэн ангилалтай вэ?
-Ардын авьяастнууд, сонирхогчид, мэргэжлийн дуучид, оюутнууд гэсэн дөрвөн ангилалтай.
-Та ямар дуурийн гол дүрд дуулж байв?
-“Чингис хаан” дуурийн Чингис хаан, “Учиртай гурван толгой” дуурийн Балган, “Сарьсан багваахай” опереттагийн Франк зэрэг гол болон туслах дүрд дуулж байгаа.
-Олон улсын уралдаан тэмцээнээс Монголын баритонууд байнга амжилт гаргах боллоо. Уралдааны шүүгчид энэ тухай онцгойлон ярьдаг уу?
-Тийм ээ. Өнгөрсөн зун болсон “Competetion dell opera” уралдааны үеэр “Монголын алтан баритонууд” гэдэг нэршил бий болсон. Монголын баргил хоолойтнууд сайн байна гэж үнэлэгдэж байгаа.
-Одоо шинээр ямар дүрд бэлтгэж байгаа вэ?
-Гуравдугаар сард “Аида” дуурийн Амонасрод дуулахаар бэлтгэж байгаа.
Хоёр жилд нэг удаа болдог энэ уралдаанаас өмнө нь ДБЭТын гоцлооч А.Сайнбаяр гран при, Ө.Уянга нэгдүгээр байр, Ш.Наранчимэг болор цом хүртэж байжээ. Энэ удаагийн уралдаанд амжилт гаргасан дуучдыг ДБЭТ-ын концермейстр Б.Солонго, ХБК-ийн багш Ү.Уртнасан, СУИС-ийн багш н.Эрдэнэчимэг нар бэлтгэсэн байна. Дашрамд дуулгахад, арванхоёрдугаар сарын 4-15- нд М.И.Глинкийн нэрэмжит олон улсын уралдаан болно. Энд манайхаас зургаан дуучин оролцохоор бэлтгэж байна.
С.СЭРГЭЛЭН