Дуучин Д.Болдын “Монгол поп” тоглолт “Улаанбаатар Палас”-ын концертийн их танхимд энэ сарын 24-26-нд болно. Үүнтэй холбогдуулж түүний фейсбүүк хуудсаар дамжуулан фенүүд нь “Болдын тоглолт болон Улс тунхагласны өдрөөр Төрийн далбаагаа мандуулъя” гэдэг уриалга гаргажээ. Фенүүдийнхээ гаргасан уриалгыг дуучин Д.Болд хүлээн авч, дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр “Монголын Улсын нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллага бүхэн Төрийн далбаагаа өргөө гэр, албан тасалгааныхаа хоймор залах Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг энэ оны долдугаар сард гарсан байдаг. Төрөө дээдлэх, түүх, ёс заншлаа хүндэтгэх, “Монгол поп” тоглолтын утга санааг улам тод томруун болгоход Төрийн далбаагаа мандуулах санаачилга нийцэж байгаа тул фенүүдийнхээ уриалгыг би 100 хувь дэмжиж байна. Би ч гэсэн Төрийн далбаатайгаа очно” гэжээ. Түүнчлэн “Монгол поп”-ын үзэгчдийн тав тухыг хангахаар “Улаанбаатар Палас”-ын удирдлага болон Д.Болдын тоглолтыг зохион байгуулах комиссыхон гаднах автомашины зогсоолыг тэлэх, эмх цэгцтэй болгох үүднээс зохицуулагч гаргаж ажиллахаар болжээ.