Батлан хамгаалахын сайдын тушаалын дагуу Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан БХЯ, ЗХЖШ, Цэргийн цагдаа буюу зэвсэгтхүчний 032 дугаар ангийнхан хэдэн харуул хамгаалалтын байгууллагуудыг өнгөрсөн сарын 22-ноос энэ сарын 2-ны өдрүүдэд шалгаж сүрийг үзүүлэв. Цэргийн дүрэмт хувцас өмсөж буй гэрээт харуул хамгаалалтын ажилтнуудын зургийг авч, тухайн ажилчдад хуулийн заалт танилцуулан, эрээн хувцсаа тайлахыг үүрэгдэж, шаардлага биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн байдаг. Гэрээт харуул хамгаалалтын байгууллагын харуулууд тухайн байгууллагаас олгосон хувцсыг нь өмсөж ажлаа хийж байгаа нь мэдээж. Тэтгэвэртээ гараад аль нэг байгууллагад харуулын ажил хийж буй тэр хүмүүст сүрийг үзүүлж байхын оронд хувцасны зардлаа хэмнэж, бэлэн хувцсаар хангасан харуул хамгаалалтын байгууллагын удирдлагад хууль эрх зүйн баримт бичгээ сануулсан албан тоот илгээж, шийдвэрлэхгүй бол хариуцлага тооцож, цэргийн цагдаа, цагдаагийн байгууллагын алба хаагчдаа дагуулан очих нь зөв байсан болов уу.
ЭРЭЭН ХУВЦСААР НАЙМААЧДЫГ ХАНГАГЧИЙГ БХЯ, ЗХЖШ-ЫНХАН ДОТРООСОО ХАЙВАЛ ЯАСАН ЮМ БЭ
Нэг хэсэг зах замбараагаа алдсан, хэн дуртай нь цэргийн эрээн хувцас өмсдөг байдлыг цэгцлэхээр болсон нь зөв арга хэмжээ. Өөрөөр хэлбэл, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1.3-т“албаны үүргээ гүйцэтгэх үедээ цэргийн дүрэмт хувцас, техник, материал хэрэгсэл, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдах” гэсэн заалт, ЗХЖШ-ын даргын 2021 оны тушаалаар баталсан Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрмийн 1.2-ын “Монгол Улсын төрийн цэргийн байгууллагуудад алба хааж байгаа офицер, ахлагч, сонсогч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан загварын цэргийн дүрэмт хувцас өмсөж, цол, ялгах тэмдэг хэрэглэнэ” гэж заасан. Мөн Цэргийн албаны тухай хуулийн 27.4-т “Цэргийн цолны нэр, тэмдэг, түүний загварыг төрийн цэргийн байгууллагаас бусад төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан өмсөж, хэрэглэхийг хориглоно” гэж хуульчилсан байдаг. Эдгээр эрх зүйн баримт бичгийг амьдралд хэрэгжүүлэх цаг болсон уу гэвэл тийм. Одоогоос 10-аад жилийн өмнө л хуулийн эл заалтыг амьдралд хэрэгжүүлнэ хэмээн БХЯ, ЗХЖШ-ынхан хэвлэлд мэдээлж, тухайн үеийн нийслэлийн Цагдаагийн газар, “Нарантуул” худалдааны төв дэх Цагдаагийн тасгийнхантай хамтарч ажиллахаар болсон гэж байсан ч амьдралд хэрэгжсэн нь үгүй. Түүнээс хойш гэрээт харуул хамгаалалтынхан, барилгын ажилчид хүртэл өмсөж, хөдөө анд явж байгаа хүмүүс ч цэргийн эрээн хувцсаар гангарсаар байсан. Өнгөрсөн жилийн наймдугаар сард Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Г.Сайханбаяр ч, ЗХЖШ-ын Ар талын газрын албан тушаалтнууд ч “Цэргийн дүрэмт хувцсыг өмсөх эрхгүй этгээд өмсвөл хариуцлага тооцдог болно” гэж мэдээлж байсан нь бүтэн жил гаруйн дараа л ажил хэрэг болж байх шиг.
Дээрх хуулийн заалт, дүрэм, журамд зааснаар цэргийн дүрэмт хувцас бол төрийн өмч бөгөөд цэргийн эд хөрөнгө гэж хэлэхэд буруутахгүй. Цэргийн дүрэмт хувцас гэж цэргийн жинхэнэ алба хаагч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, цэргийн анги, байгууллагын сургалт бэлтгэл, өдөр тутмын үйл ажиллагааг хангах, хувцаслалт, гадаад үзэмжийг жигдрүүлэхийн тулд батлагдсан төрөл, загвар, эдэлгээний хугацаа, хангалтын нормоор хүн нэг бүрт олгогддог хувцас, хэрэглэлийг хэлдэг. Гэтэл тэр хувцсыг нь “Нарантуул” зах, цэргийн хувцас хэрэглэл зардаг дэлгүүрүүдэд борлуулж, гэрээт харуул хамгаалалтын байгууллагынхан тэднээс л хувцсаа авч ажилчдаа хангаж байгаа нь лавтай. Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатарын удирдсан ажлын хэсгийнхэн эдгээр зах, дэлгүүртцэргийн хувцас хэрэглэл худалдан борлуулж, ашиг олдог байж болзошгүй БХЯ, ЗХЖШ-ын албан тушаалтнуудаа эрж хайж олж, ямар замаар наймаачдын гар дээр очоод байгааг тодруулан таслан зогсоовол илүү үр дүнтэй санагдана. Магадгүй цэргийн дүрэмт хувцас наймаалж, үндэслэлгүй хөрөнгөжиж буй албан тушаалтан байвал АТГ-т шилжүүлэн шалгуулах нь зөв байх. Зах, дэлгүүрийн лангуунд эрээн хувцас өөрсдөө “гүйж очоод” өлгөгдөөгүй нь лавтай.
“ХАНГАЛТ ӨГӨХГҮЙ БАЙГАА УЧРААС ХҮНИЙ ХУУЧИН ХУВЦАС АВЧ БАЙНА ШҮҮ ДЭЭ”
“Хэрвээ чи өөрийн цэргийг тэжээж чадахгүй бол бусдын цэргийг тэжээх болно” гэж Наполеон хэлсэн гэдэг. Хувцас хангалт, орон байрны хүрэлцээ, энхийг дэмжих ажиллагаанд явах боломжийг хязгаарлах зэрэг нөхцөл байдлаас болж гадаад, дотоодод цэргийн сургууль төгссөн олон залуус 1-2 жил ажиллаад халширч, албанаасаа халагдаж буй. Ийнхүү халагдсанаар армид алба хаах хүнгүй болчихгүй юм биш биз.
Цэргийн жинхэнэ алба хаагчдад очих ёстой хувцас, хэрэглэл зорилтот бүлгийнхэндээ хүрдэггүйгээс бага тушаалын офицер, ахлагч нар цэргээс сайн дураараа халагдаж байгаа хүмүүсийнхээ хуучин хувцсыг худалдан авч байна. Фэйсбүүк дэх “Цэргийн хувцас хэрэглэл авна, зарна” гэсэн группт “54.3, 56 хэмжээтэй өвлийн хүрэм авна”, “Өвлийн хүрэм зарах хүн байна уу, 46 хэмжээтэй”, “50.2-той эрээн шинэ хувцас авна”, ёслолын цагаан цэнхэр китель, малгайгаа “80 мянгад зарна” гэх мэтээр маш олон зар тавьсан байдаг юм билээ. Цэргийн албанаас халагдсан офицер, ахлагч нар ийм байдлаар хувцсаа зарж байхад жинхэнэ албанд үүрэг гүйцэтгэж буй залуус хувцасны хангалт байхгүйгээс халагдсан, тэтгэвэртээ гарсан хүмүүсийнхээ өмсөж байсан китель, өмд, хүрмийг худалдан авч байна. Шинийг авъя гэхээр “Нарантуул” зах болон цэргийн хувцас худалдаж буй дэлгүүрүүдэд нэлээд өндөр үнэтэй байдаг нь ч нөлөөлдөг биз. Цалин нь хүрэлцээ муутай нь ч нэрмээс болдог байх. Мөн цэргийн хувцасны чанар тааруу, амархан мууддагтай ч холбоотой болов уу. Ул нь амархан салдаг гутал, нэхий дотортой хүрэм олгох ёстой атал зулхай дотортой өвлийн хүрэм өгсөн зэрэг явдал нэлээд байдаг учраас аргагүйдэж хувцсаа шинээр худалдан авах тохиолдол гарч буй гэсэн.
Цэргийн дүрэмт хувцас худалдан авахаар дээрх группт зар тавьсан нэгэнтэй холбогдоход “Төсөв хэмнэж байгаа гээд хангалт өгөхгүй байгаа учраас тэтгэвэртээ гарсан юм уу, эсвэл армиас хүсэлтээрээ халагдсан хүний хуучин хувцсыг худалдан авч байна шүү дээ. Дүрэмт хувцсаа ном журмынх нь дагуу өмсөөгүй бол цэргийн алба хаагч бидэнд хариуцлага тооцдог учраас аргагүйн эрхэд хүний өмсөж байсан хувцсыг гуйж авч байгаа” гэсэн юм. Хэдэн жилийн өмнө ХЭҮК-оос гаргасан тайланд цэргүүдийн хувцас хангалт тааруу хэмээсэн байдаг. Тодруулбал, эл комиссоос зэвсэгт хүчний ангиудад явуулсан судалгаанд оролцогсдын 70 гаруй хувь нь хувцасны хангалт муу байдаг гэж хариулж байж. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд ч “Цэргийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдыг цэргийн дүрэмт хувцас, хэрэгсэл, ажиллах нөхцөл, баталгаагаар хангах нь төрийн үүрэг бөгөөд алба хаагчдын хувцасны хангалт, чанар, хүртээмжийн талаар Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1.3 дахь хэсэгт “Цэргийн алба хаагч албаны үүргээ гүйцэтгэх үедээ цэргийн дүрэмт хувцас, техник, материал хэрэгсэл, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдах эрхтэй”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”, 15.2 дахь хэсэгт “Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг турших, худалдаж авах, хадгалах, угааж цэвэрлэх, засварлах, ариутгах зардлыг ажил олгогч хариуцна” гэж заасан байдаг. Засгийн газрын тогтоолоор хувцасны эдэлгээг хоёр жилээр тогтоосон. Гэтэл судалгаанд хамрагдагсдын 34 хувь нь хувцасныхаа чанарыг муу, 49 хувь нь дунд гэж хариулж байв. Дүрэмт хувцасны хангалтыг хугацаандаа олгодоггүй гэсэн хариулт 73 хувь нь өгсөн гээд бод. Тэгэхээр төсөв хэмнэж байгаа гээд сүүлийн нэг жилийн хугацаанд хувцас тавьж олгохгүй байгаа нь эрээн хувцасны наймаачдад олз болж буйнь гарцаагүй. Наймаачдыг хувцсаар хангаж буй албан тушаалтнууд үнэхээр бий бол ихээхэн ашиг олж, хувь хүртэж байгаа нь илэрхий.
ДАРГА НАРТ ОЛГОДОГ ХУВЦАСНЫ ТӨСВИЙГ ХЭМНЭВЭЛ ҮР ДҮНТЭЙ ЮМ БИШ ҮҮ
Харьяа анги салбаруудад нь хувцасны хангалт тааруу, төсөв хөрөнгө нь хүрэлцээ муутай байхад БХЯ, ЗХЖШ гэлтгүй төрийн цэргийн байгууллагын генерал цолтой эрхмүүд ойролцоогоор 2.5 сая төгрөгөөр үнэлэгдэх ноолууран хүрэм (пальто) өмсөж буй. Засгийн газрын 2019 оны 215 дугаар тогтоолын хавсралтад заасны дагуу бол каракул захтай өвлийн, хавар намрын гэсэн хоёр төрлийн ноолууран хүрмийг долоон жилийн хугацаатай өмсөхөөр заасан. Мөн каракул захтай, нэхий дотортой хээрийн өвлийн хүрэм ч тэдэнд дөрвөн жилийн хугацаанд тавьж олгох ёстой. Харин хурандаа нар каракул захтай, савхин гадартай, салдаг дотортой дээлтэй. Генерал, хурандаа нар өвөл бүгд каракул малгай өмсдөг.
Малгай, хүрэмний заханд ашиглаж буй каракул хурганы арьсыг гадаадаас импортоор авдаг бөгөөд ойролцоогоор энэ бүхэн бараг л хоёр саяар үнэлэгддэг гэх. Тэгэхээр нэг генералын ноолууран хүрмийн, эсвэл каракул малгай, захны үнээр анги салбарт ажиллаж буй 10-аад алба хаагчийн өдөр тутмын хувцсыг хангах боломжтой хэмээн тооцож болох нь. Өөрөөр хэлбэл, нэг ахлагчийн өвлийн хувцсыг цэргийн хувцасны дэлгүүрүүдэд борлуулж буй 200 000 гаруй мянган төгрөгөөр тооцвол шүү дээ.
Ажлаа хийж буй генерал, хурандаа нарын хувцасны төсвийг байг гэхэд УИХ-ын гишүүд, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэл, дүүргийн “хурган” дарга нарт мэргэжлийн цэргийн алба хаагчдын хувцсыг бэлэглэдэг явдлыг таслан зогсоох ёстой. Эдгээр албан тушаалтныг цэргийн дайчилгааны сургууль, цугларалт гэх нэрийн дор хэд хоног Зэвсэгт хүчний сургалт, бэлтгэлийн нэгдсэн төвд байрлуулаад дараа нь цол олгож, хувцсаар хангадаг явдал бий. Тэдний заримд нь каракул захтай, нэхий дотортой дулаан хувцас олгосон явдал ч байсан. Цөөнгүй нь хөдөө явахдаа, “Ковид”-ын үед хөл хорио тогтоож, бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед цэргийн эрээн хувцас өмсөж байсан нь ч баримт болон үлдсэн. “Тунгалаг Тамир” кинонд Итгэлт баян “Олигтойхон цогчин дуган барьж чадахгүй байж ууж идэхдээ уургын морь шиг” хэмээн хошууныхаа ноёд түшмэдэд дургүйцлээ илэрхийлдэг. Түүн шиг хэдэн офицер ахлагч нараа олигтойхон хувцаслаж чадахгүй байж УИХ, Засгийн газрын гишүүд, яамдын дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар, нийслэл, аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарт тал засаж үнэтэй материалаар хийсэн өвлийн цэргийн хувцсаа өгөх нь ялихгүй зусар баяжихад саад гэдэг үгийг санагдуулна.
Уг нь Засгийн газрын 2017 оны 286 дугаар тогтоолын IV хавсралтаар баталсан Цэргийн дайчилгааны сургууль, цугларалтад оролцож байгаа бэлтгэл үүрэгтний хувцас, хэрэглэлийн нормд зааснаар бол хиймэл үстэй захтай, дулаан дотортой өвлийн эрээн хүрэм зэргээр хангах ёстой бөгөөд гурван сараас дээш хугацаагаар түр цугларалтад оролцож байгаа бэлтгэл үүрэгтнийг шинэ хувцсаар, түүнээс доош хугацаатай байвал II, III зэргийн хувцас хэрэглэлээр хангана гэж журамласан аж. Гэвч заримд нь дээрх байдлаар валют заран байж гадаадаас каракул зах, малгайгаар хангаж байгаа нь зүйд нийцэмгүй. Цэргийн бэлтгэл үүрэгтнүүд цэргийн сургалт, дайчилгаатай сургууль, цугларалтад оролцох үедээ л цэргийн дүрэмт хувцсыг өмсөх ёстойгоос биш, онцгой дэглэм тогтоосон зэрэг үед өмсөх учиргүй юм.
Бэлтгэсэн Д.Дайчин