Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаярын “Хүннү” дуурийг Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа тоглох гэж буй. Эл дуурийн цомнолыг Р.Өнөржаргал бичиж, “Монгол туургатан” театрын дарга, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг найруулж байгаа. Тулгар төр байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулсан “Хүннү” дуурийн анхны тоглолт ирэх сарын 10-нд болох аж.
ЦДБЭЧ-ын уран бүтээлчид 2006 онд “Чингис хаан” рок дуурийг амилуулж байсан түүхтэй. Тухайн жилдээ “Чингис хаан” дуурь шилдэг бүтээлээр шалгарч байсан. Дуурийн гол дүрийн жүжигчдийг өнөөдөр эцсийн байдлаар сонгох юм байна. Дашрамд дуулгахад, дуурийн ерөнхий зураачаар Х.Ариунболд ажиллаж байгаа бөгөөд тоглолтыг ЦДБЭЧ-ын дарга, хурандаа, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Гансүх удирдана.
С.СЭРГЭЛЭН