“Хурд” хамтлаг ирэх сарын 2, 3-нд “Best of Khurd” тоглолт хийнэ. Хамтлагийн ахлагч Д.Ганбаяртай холбогдлоо..jpg)
-“Вest of Khurd” тоглолтын бэлтгэлээ хэр базааж байна вэ?
-Өдөр бүр бэлтгэл хийж байгаа. Бэлтгэл бүрэн ханасан, торгон ир нь таарсан морь шиг л байна. Маргааш тоглосон ч бэлэн.
-Ямар онцлогтой тоглолт байх вэ?
-Манай хамтлаг өнгөрсөн хугацаанд 14 цомог гаргасан. Тэдгээр цомогт багтаасан хамгийн шилдэг дуунуудыг дуулна. “Хурд” хамтлагийн хамгийн гоё дуунуудын цуглуулга гэж хэлж болно.
-Хүмүүсийн сонсох дуртай бүх гоё дуу тань ганц тоглолтод багтах болов уу?
-Багтаана даа. Ямар ч байсан фэнүүдээ тэр дууг л сонсож чадсангүй дээ гэсэн сэтгэгдэлтэй гаргахгүй гэдгээ амлая. Эрч хүчтэй, дайчин, хуучны сайхан дурсамж сэргээсэн гоё тоглолт хийнэ. Сэтгэл ханамжийг 250 хувьд хүргэнэ.
-Тоглолтын тасалбар хэдэн төгрөгийн үнэтэй байх вэ?
-15 мянган төгрөгөөр тогтоосон. Биднийг сонсох дуртай, “Хурд”-ын тоглолтыг үзэхсэн гэж хүсэж байгаа фэнүүд маань бүгд үзээсэй гэсэндээ нэлээд судалгаа хийж, хамгийн боломжтой хувилбарыг сонгосон нь энэ. Гэр бүл, найз нөхөд, хамт олноороо үзээрэй.
-Танайхныг хөгжим хэрэгслээ хулгайд алдсан талаар мэдээлж байсан?
-Олон сайхан уран бүтээлийг хамтдаа хийсэн анд нөхөр шиг минь болсон гитаруудаа хулгайд алдсан болохоор сэтгэлийн гүнд гунигтай л юм. “Алдсан хүн арван тамтай” гэдэг шүү дээ. Тоглолтоос өмнө олдох байх гэж найдаад хүлээж байна.
-Тоглолтдоо ямар гитар барих вэ?
-АНУ-д байдаг найз нөхөд рүүгээ захиж гурван гитар авчруулсан. Тэр гитаруудаараа бэлтгэл хийгээд дасаж л байна. Гар хурууг минь тасдаад аваад явчихаагүй цагт “Хурд”-ын тоглолт болдгоороо болно.
Х.УЯНГА