Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид Тулгар төр байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулан А.Батдэлгэрийн
“Тэнгэрийн ташуур” бүжгэн жүжгийг шинээр тоглох гэж байгаа. Шинэ уран бүтээлийн нээлт энэ сарын 26-нд болно. Атилла хааны дүрийг ДБЭТ-ын гоцлооч Х.Мөнгөнхөлөг бүтээж буй. Өчигдөр энэ бүжгэн жүжгийг театрын мэргэжлийн комиссынхон үзэж, “Үзэгчдэд үзүүлэхэд бэлэн болсон байна” хэмээн дүгнэсэн аж.
Бүжгэн жүжгийн цомнолыг хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Жамъяндагва бичсэн ба анхны тоглолтыг АНУын удирдаач Жин Дон Кей дохих юм. Түүнчлэн бүжгэн жүжгийн хөгжмийг А.Батдэлгэр бичиж, өөрөө балетмейстрээр ажиллажээ. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том гүрнүүдийн нэг Хүннүгийн удирдагч Атилла хаан дэлхийг чичрүүлж байсан бөгөөд Ромын хаад түүнийг “Тэнгэрийн ташуур” хэмээн нэрлэдэг байжээ. Хүннүчүүд Ромын цэргүүдтэй тулалдан ялж буйгаар бүжгэн жүжгийн үйл явдал эхэлнэ. Хөгжмийн зохиолч, балетмейстр А.Батдэлгэрт энэхүү балетыг хийх санааг хэлж өгсөн хүн нь ардын зураач Ч.Гунгаасүх гэнэ.
Ж.СОЛОНГО