Рок хөгжмийн ертөнцөд өнгө нэмж, хэви металл урсгалыг бий болгосон гэгддэг “Black Sabbath” хамтлагийнхан дэлхийг тойрон сүүлчийн удаа тоглолт хийх болсон. Аялан тоглолтын гараагаа ирэх оны тавдугаар сарын 18-нд Москвагийн “Олимпийский” цогцолбороос эхлэх гэнэ. Хамтлагийн дөрвөн гишүүн Орост байх хугацаандаа идэх хоолны цэс, зочид буудлын хангамж, хамгаалалт ямар байх гэх мэтчилэн олон шаардлага бүхий 200 хуудас материалыг зохион байгуулагчдад өгчээ. Тухайлбал, тэд дуу шуугиан багатай өрөөнд байрлаж, тоглолтын бусад цагт шүтэн бишрэгчидтэй уулзалт хийхгүй гэнэ.
30 бие хамгаалагч нь хамтлагийнхнаас гарын үсэг авч, хамтдаа зургаа авахуулах гэх зэргээр хүндрэл учруулахгүй байх ёстой. Тэр бүү хэл алдарт рокеруудын нүд рүү эгцэлж харж болохгүй гэсэн шаардлага тавьжээ. Мөн байрлах өрөөний дотоод заслыг гэгээлэг, цайвар өнгөөр хийхээс гадна цэцэг тавихгүй байхыг анхааруулсан байна. “Black Sabbath”-ын эрчүүд архи, согтууруулах ундаанаас хол байдаг бололтой. Өрөөний хөргөгчинд энэ төрлийн ундаа байлгахыг хориглосон аж.
Харин үүний оронд төрөл бүрийн жимсний ундаа, цэвэр ус шаардсан бол дуучин Оззи Осборн зөвхөн цагаан хоол идэхээс гадна өдөр бүр шинэ жимс, жимсгэнэ зайлшгүй хэрэглэх гэнэ. Тэрбээр Москвад байх гурван хоногт 20 кг бөөрөлзгөнө, таван кг үхрийн нүд, гүзээлзгэнэ зооглоно гэжээ.
Ц.ЭРДЭНЭ