Лондоны Үндэсний галерейд дэлгэсэн “Leonardo da Vinci: artist Milan court” үзэсгэлэн үзэгчдийн анхаарлыг татаж, эрэлт ихтэй байгаа гэж тасалбарын үнэ анхныхаасаа 15 дахин өссөн гэж “The Daily Mail”-д мэдээлжээ. Тус галерейн тасалбарын үнэ 16 фунт боловч да Винчитэй “уулзахыг” хүссэн хүмүүс цахим хуудсаар дамжуулан 250 фунтээр худалдан авч байгаа аж. “eBay”, “Viagogo” цахим хуудсанд мэдээлснээр тасалбарын үнэ үүнээс ч өндөр буюу 400 фунт(622 ам.доллар)-д хүрсэн гэнэ. Гэвч тус галерейг тасалбарын үнээ нэмээгүй хэмээн мэдээлээд зогсохгүй цахим хуудсаар дамжуулан өндөр үнээр авахгүй байхыг анхааруулжээ.
Музейн нэгэн зохион байгуулагч “Агуу зураачийн үзэсгэлэн манай галерейн тасалбарын үнийг урьд байгаагүйгээр өсгөлөө. Бид өдөр бүр 500 тасалбар борлуулж байгаа ч эрэлттэй хэвээр байна” гэжээ. Алдарт зураачийн бүтээлийг дэлгэсэн “Leonardo da Vinci: artist Milan court” үзэсгэлэн ирэх оны хоёрдугаар сарын 5 хүртэл үргэлжлэх юм байна. Тэнд өмнө нь нийтэд дэлгэж байгаагүй 10 бүтээлийг дэлгэн тавьсан учраас үзэсгэлэнг зорих жуулчдын хөл тасрахгүй байгаа гэнэ.
Дашрамд сонирхуулахад, зохион байгуулагчид нь уг үзэсгэлэнг 2.4 тэрбум ам.доллараар даатгуулжээ.
Э.ХАНА