Батлан хамгаалахын сайдын тушаалаар цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдсан бие бүрэлдэхүүн эх орондоо үнэнчийн баталгаа болсон цэргийн тангаргаа өргөлөө.
Цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад 2023-2024 онд БНХАУ, Япон Улсын цэргийн их, дээд сургуульд суралцах бүрэлдэхүүн оролцож албан тушаалын зэрэглэлийн цолоо гардан авсны зэрэгцээ БХЯ-ны харьяа байгууллагуудад офицер, ахлагчийн албан тушаалд туршилтын хугацаанд энгийнээр томилогдон ажиллаж байгаа бие бүрэлдэхүүн хамрагдаж цэргийн тангаргаа өргөсөн аж.
Энэ үеэр БХЯ-ны ТЗУГ-ын хүний нөөцийн хангалт, төлөвлөлт хариуцсан шинжээч хурандаа Содномдаржаа хэлсэн үгэндээ Хэдий богино ч гэлээ эл хугацаанд сурч мэдсэн зүйлсээ улам бататгаж, цаг үргэлж цэргийн эрдэмд шамдан боловсорч байхыг бие бүрэлдэхүүнд захиад цэргийн анхан шатны бэлтгэл сургалтдаа амжилттай хамрагдаж эр цэргийн тангаргаа өргөж байгаад баяртай байгаагаа илэрхийлжээ.
Тангараг өргүүлэх ажиллагаанд ҮБХИС-ийн Сургалт бэлтгэл хариуцсан тэргүүн дэд захирал, доктор, хурандаа Б.Энхзоргол, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал ШУ-ны доктор, профессор хурандаа Б.Өлзийхуяг, ЦНДС-ийн захирал бригадын генерал Т.Лодойдамба, БХЯ-ны ТЗУГ-ын хүний нөөцийн хангалт, төлөвлөлт хариуцсан шинжээч хурандаа Д.Содномдаржаа, ахлах мэргэжилтэн дэд хурандаа Б.Ширнэн болон цэргийн алба хаагчдын ар гэрийн төлөөлөл оролцсон байна.