Өмсөж байсан дээл нь эвхэж тавьсан тэр чигтээ, бийр янтай нь зэхэж орхисон хэвээрээ, С.Удвал ахайтан яг л янзаараа мишээж байна. Төрийн шагналт зохиолч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Удвалын 90 насны ой энэ онд тохиож буйтай холбогдуулан Монголын зохиолчдын эвлэл, БСШУЯ хамтран “Сономын Удвал” үзэсгэлэн дэлгэлээ.
Өчигдөр Үндэсний музейд нээлтээ хийсэн уг үзэсгэлэнд Удвал ахайтны “Их хувь заяа”, “Та бид уулзана”, “Буянтнаа тонилгосон нь”, “Одгэрэл” зэрэг орос, монгол хэлээр хэвлэсэн зохиол бүтээл, тэдгээр бүтээлийг туурвихад ихээхэн “үүрэг гүйцэтгэсэн” бичгийн ширээ, бийр янтай, ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл агсны 1970-аад оны үед урлаж С.Удвалд бэлэглэсэн үйтэн хуар дээл, Зохиолчдын хорооны даргаар ажиллаж байхдаа дайллага, хүлээнд авалтад хэрэглэдэг байсан мөнгөн цар, завьяа, шилэн хундага зэргийг дэлгэжээ. Мөн Монголын уран зохиолын түүхийг өгүүлэх түүхэн гэрэл зургуудыг дэлгэсэн нь үзэгчдийн сонирхлыг татаж байв.
Үзэсгэлэнгийн нээлтэд ардын уран зохиолч Б.Бааст, Т.Галсан, “Болор цом”-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Монголын Үндэсний номын сангийн захирал Х.Чилаажав нарын утга зохиолын төлөөлөгчид ирж, Удвал ахайтныг хүндэтгэн дурслаа. С.Удвал агсан 1921 оны хоёрдугаар сарын 21-нд Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн бөгөөд 1943 онд Москва хотын Дорно дахины судлалын дээд сургууль, 1960 онд ЗХУКН-ын дээд сургууль төгсжээ. Тэрбээр 1961-1974 онд МЗЭ-ийн хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд 1978 онд “Их хувь заяа” романаараа Төрийн шагнал хүртсэн юм.

Х.УЯНГА