Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нийслэлийн иргэдийнүйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих, нийтийн аж ахуйн үйлчилгээг сурталчлах зорилготой өдөрлөгийг Олон улсын хатуу хог хаягдлын болон Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо, “Эко парк Улаанбаатар” ХХК-тай хамтран Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Үүнд нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас гадна хог дахин боловсруулдаг компани, дахивар авдаг газрууд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан, хаягдлыг хэрхэн бууруулах, баялаг болгож хувиргах талаар мэдлэг, ойлголтыг иргэдэд түгээж байгаа аж. Тухайлбал, “Цэцүүх трэйд”, “Үлэмж хүдэр”, “Хай би ойл” компанийнхан аккумлятор, моторын тос, химийн бүтээгдэхүүний сав, баглаа боодол зэрэг аюултай хог хаягдлыг иргэдээс тогтмол авч, дахин боловсруулж байгаагаа энэ өдрүүдэд нийслэлчүүдэд мэдээлж буй юм. “Агар тайж”, “Хэв хашмал хуванцар”, “Одпластик”, “Эг өргөө”, “Төгс хурц системс”, “Аз металл”, “Тэр их нуур”, “Хотол констракшн” компани хуванцар, гялгар уут, хөөсөнцөр, цаас, шил, өөх зэрэг хаягдлыг дахин боловсруулж, үйлдвэрлэлд ашиглаж байгаагаа танилцууллаа. “Төгс хурц системс” компани гэхэд гялгар уут дахин боловсруулж, нүхэн жорлонгийн доторлогооны материал бэлтгэдэг гэнэ. “Хотол констракшн”-ыхан малын гаралтай өөх, тос дахин боловсруулж, савангийн үйлдвэрт нийлүүлдэг юм байна. Өдөрлөг энэ сарын25 хүртэл үргэлжлэх нь.