“Бүх хэвлэлээр л тэдний тухай гарч байна даа” хэмээн дурамжхан хэлсэн албаны даргынхаа үгнээс зөрөн байж “Хурд”-ын бэлтгэлийн байрыг зорилоо. Урт үс, уранхай жийнстэй залууст төдийлөн дурладаггүй ч сэтгэлд хамгийн тод, хиргүй тунгалгаараа үлдсэн хүүхэд насны минь олон дурсамж энэ хамтлагийн дуунуудтай холбоотой болохоор ийнхүү зүтгэсэн хэрэг. Үйлдвэр комбинатын Цагаан хаалганаас хойш буйдхан газар байх бэлтгэлийн байранд нь дөхөж очиход танил, дотно аялгуу эгшиглэж,
“Цаст хайрхан хөвч хангай элсэн манхан
Цагийн уртад хувираагүй эгэл төрхтэй
Уул ус, ургамал амьтан буурал дээдэс минь
Уртын дуу, хүлгийн тоостой эх орон минь” хэмээн өөрийн эрхгүй дагаж аялдаг дуу эгшиглэж, намайг угтлаа.
Дуулах авьяас өчүүхэн ч байхгүй, солгой хоолойтой бага дүү минь сургуулийнхаа дууны дугуйланд орох гэж энэ дууг дуулж шалгуулсан хөгжилтэй түүх санаанд оров. “Хурд” хамтлаг нэг хэсэг “Эрэл Хурд” хэмээн дуудуулж явахдаа Эх орон намын захиалгаар энэ дууг бүтээсэн билээ. Гэвч улс төрийн зорилгоор, намын захиалгаар бүтсэн энэ дуу ард түмний зүрх сэтгэлд хүрсэн бүтээл болж үлдсэн нь гайхалтай. Ийнхүү дурсамж хөглөх хөгжимд хөтлөгдөн танхимд ороход тэнд ёстой л ажил буцалж байв. Бэлтгэлийн тайзан дээр Д.Ганбаяр, Д.Отгонбаяр, Н.Наранбаатар нар гитар тоглож, Д.Отгонбаатар бөмбөр “нүдэн”, Д.Цогоо дуулаад, наана нь залуус тоглолтын хувцас бэлдэж, хөгжим хэрэгсэл нааш цааш зөөгөөд л. Өчүүхэн ч завгүй, их ажил өрнөж буйг ширээн дээр дэлгэж тавиад идэж амжаагүй орхисон хуушуур, дутуу уугаад орхисон аягатай цай гэрчилнэ. Энэ бүхнийг ажиглаж байх зуур Цогоо дараагийн дуугаа эхэлжээ.
“Хайртай гэдэг үгийг хэнээс ч юм бэ сонсчихоод
Хань минь чамайгаа гомдоож буруу харж хэвтэх вий дээ
Чамаас хэрсүүхэн нэгэнд нь сэтгэлээ сэмхэн алдчихаад
Чанасан цайгүй гиюүрч хүйт даан суух вий дээ
Хань минь чи, тийм цаг ирвэл
Халуухан өврөөсөө намайг буцаахаа азна
Хархан нүдэт хүүгээ тэврэн байж гуй
Хамгийн жаргалтай өдрүүдээ дурсан байж загна”
Эрээн бараантай амьдралыг эвээр туулах ухаарал хайрладаг энэ дууг би сонсох дуртай.
Тэдний дуулсан дараагийн дуу нь “Аавдаа би хайртай”.
“Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай
Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай” хэмээх уянгалаг дууг рок хамтлаг дуулах нь тохиромжгүй хэмээн шүүмжлэх хүн таарч байсан. Урт үс, савхин хувцастай залуусаас ийм аялгуу гарч байгаа нь юу нь муу байх вэ.
Ингээд,
“Толгодыг даван шувууд буцлаа, ээжээ
Догдлох сэтгэл таныг үгүйлэн гансрах юм”,
“Ихэмсэг бардам зангаа чиний босгон дээр гээж
Инээд алдан орохдоо даанч би дуртай
Чийр болсон алдар хүнд, чихний ээмгээ тайлчихаад
Чиний л хайртай бүсгүй болох би дуртай”,
“Нүүдлийн шувуудын хойноос гуних хүн олон ч
Нүднээс далд ганцхан ижий минь намайг бодно
Энэ орчлонгоор дүүрэн ээжээ гэж хашгирвал
Ижий минь л ганцаар миний дууг танина байх даа”,
“Цэрэг би чинь ингэж бодохоор
Цээжин дотор минь гал дүрэлзээд
Цэвэр сэтгэлийн уяас алдуурч
Цэргийн хуарангаас чам руу тэмүүлнэ” гээд л дуртай дуунууд маань ар, араасаа хөврөв.
Ямар ч байсан миний сонсохыг хүссэн бүх дуу энэ тоглолтод багтах л юм байна.
Бэлтгэлийн завсарлагаар хамтлагийн ахлагч Д.Ганбаярын хоол идэх цагаас хумслан цөөн хором ярилцлаа.
-“Вest of Khurd” тоглолтод хэдэн дуу багтах вэ?
“Хурд” хамтлагийн урын санд 300-гаад дуу бий. Үүнээс хүмүүсийн сонсох дуртай, хамгийн шилдэг гэсэн 30 гаруй дууг тоглолтдоо багтаасан. Гоё дуунуудын цуглуулга гэж ам бардам хэлнэ.
-Хөтлөгч гарч ирнэ, үзэгчид дахиулна. Тэгэхээр нэлээд урт тоглолт болох нь ээ?
-Үзэгчид дахиулъя гэвэл дахина шүү дээ. Тоглолт гурван хэсгээс бүрдэнэ. Дөрвөн цаг шахам үргэлжлэх байх. Гэхдээ үзэгчдээ залхаахгүй. Сэтгэл хөдлөл, уярал, омогшил, бардамналаар дүүрэн, эх орон, хань ижил, найз нөхдөөрөө бахархсан, амьдралыг, он жилүүдийг дуулсан сайхан тоглолт болно гэдгийг амлаж байна.
-Цогоо ах дөрвөн цаг ганцаараа дуулах хэрэг үү?
-Тэгнэ. Панограмм тавьж дуулсаар Гавьяат жүжигчин цол авсан арван дуучныг Цогоотой халз тоглолт хий гэж би уриалж байсан шүү дээ. Би Цогоодоо, хамтлагийнхандаа итгэдэг. Бид арван өдөр дараалан тоглосон ч чадна. Бидний яриа өндөрлөж, тэд бэлтгэлээ хийгээд үлдсэн. Харин өнөөдөр, маргааш тоглолт нь болно.
Х.УЯНГА