“Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сэтгэлийн жигүүр”, “Хүлээлт”, “Зүүд”, “Алтан зул”, “Дандаа чамайг хайрлаж явъя” зэрэг дуугаараа 1970-1980-аад оны залуусыг бүжгэнд урьж, сэтгэлийг нь хөвсөлзүүлж байсан “Өргөө” хамтлагийн дуучин С.Бархасын тоглолт өнөөдөр болно.
18 настайдаа Цэргийн их сургуулийн “Эрдмийн ундраа” хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлж, дараа нь “Айзам” хамтлагт дуулж, 1983 онд “Өргөө” хамтлагийг байгуулалцаж явсан тэрбээр урлагт зүтгэсэн 35 жилийн ойгоо үзэгч, сонсогчидтойгоо хамт тэмдэглэхээр шийдсэн аж. Өөрийнхөө нэрээр нэрлэсэн түүний тоглолтод “Өргөө” хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, 1970- 1990 онд хит болж байсан 20- иод дууг дуулах юм. Тоглолтын бэлтгэлийнх нь үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Таны тоглолтод “Өргөө”-гөөс гадна “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуунууд багтаж байгаа юм аа даа?
-“Өргөө” хамтлагийн 1970-1990-ээд онд дуулж байсан “Алтан зул”, “Зүүд”, “Дандаа чамайг хайрлаж явъя”, “Бүжээрэй”, “Ээждээ мөргөе” зэрэг хүмүүсийн сайн мэдэх дууг дуулна. “СоёлЭрдэнэ”, “Өргөө” хамтлаг сүүлийн үед нэгдэж уран бүтээл хийж байгаа. Тиймээс би сүүлийн үед “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуунаас нэлээд дуулж байгаа. “Сэтгэлийн жигүүр”, “Сөгнөгөрийн гол” зэрэг мартагдсан дууг дахин сэргээж дуулна. Эдгээр дууг сонсогчид маань үгүйлж, санагалзаж байгаа байх.
-Тоглолтод ямар уран бүтээлчид оролцох вэ?
-Залуу дуучин Б.Хонгор оролцоно. Түүний аав Баяраа агуу дуучин байсан шүү дээ. Түүний зөвлөснөөр би ихийг сурч мэдэж авсан. Би залуудаа Баяраагийн дууг их дуулдаг байв. Тэгэхэд тэрбээр “Чи миний дууг дуулаад амжилтад хүрэхгүй. Баяраагийн дууг дуулаад байвал Баяраа л болно шүү дээ. Өөрийн өнгө аяс, онцлогийг харуулсан дууг өөрийнхөөрөө дуул” гэж хэлсэн. Тэр хамгийн зөв зөвлөгөө байсан юм. Тэгээд би “Дандаа чамайг хайрлаж явъя”, “Нар инээдэг юм” дуунуудыг дуулсан.
Тоглолтод энэ дуунуудыг маань Б.Хонгор дуулна. Мөн “Чингис хаан” хамтлагийн ахлагч, гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн нар дуулна. “Жанжин” клубын дэргэдэх “Их Монгол” дугуйлангийнхныг “Бөхийн өргөө”-ний том тайзан дээр дуулуулахад урамших болов уу гэж бодоод тоглолтдоо оруулсан. Энэ нь тэдний уран бүтээл өсөж, нийгэмд байр сууриа олоход нь дөхөм болоосой гэж хүсэж байна.