Монгол Улсын Дорноговь аймаг, ӨМӨЗО-ны Эрээн хотын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн сард аймгийнхаа соёлын өдрүүдийг тус хотод зохион байгуулжээ. Аймгийн удирдлагууд болон уран бүтээлчдийг нэгтгэсэн 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг соёлын өдрүүдэд оролцсон байна.
Энэ үеэр зураач Г.Цагаандэрэм, Л.Халзан, Г.Энхбат нар 100 гаруй зурагтай үзэсгэлэн гаргаж, яруу найрагч Ш.Энхбаяр, М.Чулуун нар Эрээн хотын яруу найрагчид болон дунд сургуулийн хүүхдүүдтэй уулзаж, “Саран хөхөө” театрынхан урлагийн тоглолт үзүүлжээ.
Дашрамд дуулгахад, өнгөрсөн жил театрынхаа байрыг өргөтгөж, “Цадиг оршсон аялгуу”, ”Ичиг ичиг, гижиг гижиг”, “Утгын уянга” тоглолт, “Эх орондоо харих болтугай”, “Амьдрал тэнцүү томъёо” жүжгийг үзэгчдэдээ хүргэсэн “Саран хөхөө” театрынхан энэ жил ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг сэргээн тавихаар ажиллаж байна.
Ж.СЭЛЭНГЭ