Хөгжим бүжгийн коллежийн багш, төгөлдөр хуурч Д.Тунгалаг энэ сарын 7-нд “Хаан хуурын түрлэг” төгөлдөр хуурын тоглолт хийнэ. Тэрбээр төгөлдөр хуурт зориулсан дэлхийн болон Монголын сонгодог бүтээлүүдээс эгшиглүүлнэ. Уг тоглолтод Хөгжим бүжгийн коллежийн симфони найрал хөгжим, хийлийн чуулга, гавьяат жүжигчин М.Найдалмаа, А.Бүтэд нар оролцож, хаан хуурын эгшигт хөг нэмнэ.
ДБЭТ-т болох түүний тоглолтод шавь нар нь ирж багшдаа хүндэтгэл үзүүлж, тайлангаа тавих гэнэ. Д.Тунгалаг Украины Хөгжмийн дээд сургуулийг төгөлдөр хуурч, багш мэргэжлээр төгссөнөөсөө хойш өнөөг хүртэл ХБК-д багшилж буй. Тэрбээр “Нэг талаас төгөлдөр хуурчийн хувьд хэн бэ гэдгээ харуулах гэж, нөгөө талаас төгөлдөр хуурын багшаар ажилласан 30 жилийн ойгоо тэмдэглэж энэ тоглолтыг хийж байгаа” гэсэн.
А.АМИНА