Хорвоогийн хосгүй тенорууд болох Лучиано Паваротти, Пласидо Доминго, Хосе Каррерасын хамтарсан тоглолтыг мартахын аргагүй. Тэдний нэг Хосе Каррерас Барселонд 1946 оны энэ өдөр мэндэлжээ. Испани улсын радиод найман настайдаа дуу хоолойгоо бичүүлж, 11-тэйдээ алдарт Ж.Пуччиний “Богема” дуурьт (туслах дүрд) дуулсан гэхээр түүний чадвар хэр болох нь ойлгомжтой. Түүний гоц авьяасыг анзаарсан алдарт сопрано Монсеррат Кабалье “Тэр үнэхээр гайхалтай, ховор авьяастан.
Хоолойн чадал, илэрхийлэл, дүрдээ хувирах чадвар дээрээс нь хөдөлмөрч зан, царайлаг төрх гээд түүнд бүгд заяагдсан. Ийм ховор очир эрдэнийг анх олж харж, дэлхийд таниулсан би их азтай хүн” хэмээсэн байдаг. Тэгвэл Пласидо Доминго “Бид хоёрыг “Испанийн бэлгэ тэмдэг” хэмээн өргөмжилдөгч миний бодлоор Хосе Каррераст энэхүү эрхэм хүндлэл илүү зохино” гэжээ. Өөрийнх нь тодорхойлсноор тэрбээр хамгийн сайхан хоолойтой хүн биш ч бурхнаас хүртээсэн авьяасын эзэн аж.
Тэрхүү авьяасыг аз жаргал хэмээн боддог гэсэн. Дэлхийн сонгодог 60 гаруй дуурийг амилуулсан Хосе Каррерасын байгуулсан энэрэлийн сан нийгмийн төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцдгоороо алдартай аж.
Э.ХАНА