Дуучин С.Нарангийн “Сайхан” цомгийн баярт зориулсан хэвлэлийн хурлын үеэр продюссер Н.Халиун ингэж хэлсэн юм. Учир нь энэ бүсгүй хоолойгоороо, хүсэл зорилгоороо, боловсролоороо, сэтгэлгээгээрээ үеийнхнээсээ ямагт нэг алхмын түрүүнд байдаг болохоор тэр гэсэн. Ямар сайндаа л рок попынхны урдаа барьдаг продюссер тэрбээр “Монголын урлаг судлаач, шүүмжлэгчид хийх ажилтай боллоо. “Сайхан” цомог бол ихээхэн “мөлжүүртэй” эд шүү” гэж байх вэ дээ. Харин Н.Жанцанноров гуай “Гадаад, дотоодод Монголын урлагийг сурталчлах ажилдаа би түүнийг оролцуулах дуртай. Наран уран бүтээлч талаасаа миний сэтгэлд нийцдэг. “Сайхан” цомгийг гарангуут нь надад авчирч сонсгосон. Барууны түрэмгий рок попоос татгалзаж, дорнын зөөлөн, аялгуулаг өнгө аяс шингээсэн нь мэдрэгдэж байсан” хэмээв.
“Сайхан” цомгийн 11 дуу бүгд өөр өнгө аястай бөгөөд ихэнх нь морин хуур, хөөмий гэхчлэн үндэсний үнэр ханхлуулсан аж. Хоёр, гуравхан хүн компьютер ашиглаад, цомог гаргачихдаг болсон энэ үед түүний цомог долоон сар дуншин байж, 30-аад хүнээр өлгийдүүлэн мэндэлжээ. Тиймээс ч тэр энэ бүх хүний зүтгэлийг харуулахын тулд цомгийнхоо хавтсанд бүгдийнх нь зургийг хавсаргасан нь өвөрмөц аж. “Хөвсгөл далайн зурган дээр “сайхан” гэдэг үгийг калиграфаар бичсэн болохоор цомог нь гаднаасаа эхлээд “Монгол минь сайхан” гэсэн утгыг илэрхийлж байгаа” хэмээн дуучин бүсгүй ярьсан. Тэр бас гадаадынханд монгол дуучин гэдгээ яаж бусдаас өөрөөр хүргэх вэ гэж үргэлж эрэлхийлдгээ ч энэ үеэр онцолсон юм.
Бүх дууных нь хоолойны бичлэгийг хийсэн Рагураман “Нарангийн цомог “тасархай” болсон. Учир нь түүнд үндэсний уламжлал нь байна. Түүний хоолойд ямар ч микрофон, спикер хэрэггүй. Хоолой нь үнэхээр гайхалтай, тэр бас хамгийн өндөр мэдрэмжтэй дуучин” гэж дуу алдсан билээ. Тэр Нарангийн дуу хоолойнд “дурлаж” уйлсан гэдгээ ч нуугаагүй. Ирэх баасан гаригт “River Sounds” клубт болох “Сайхан” цомгийн баярт ирээд Наранг мэдэр, Монголоороо омогшихыг та бүхэндээ хүсье.
Л.ГАНЧИМЭГ