“Дебют” булангийн маань зочин “Эрдмийн өргөө” цогцолборын IV ангийн сурагч Г.Пүрэвбаатар.
-“Лоолойгийн найзууд” нэвтрүүлгээр үзэгчдийн танил болсон байх аа?
-С1 телевизийн “Унагалдайн мухлаг” нэвтрүүлгээс зарласан уралдаанд анх оролцож түрүүлсэн. Үүнээс хойш олон уралдаанд оролцлоо. Энэ жил ардын дууны уралдаанд түрүүлсэн. Өнгөрсөн жил “Би эстрадын дуучин” уралдаанд ороод Сараа эгчийн студид дуугаа бичүүлэх эрх авсан. “Лоолойгийн найзууд” нэвтрүүлгийг үзээд Шинээ ах, Ариунгоо эгч хоёр шиг болохыг хүсдэг байлаа. Хүсэл маань биелсэн.
-Өнгөрсөн жил “Монстер” шоунд оролцож, томчуудтай эн тэнцүү өрсөлдөж байсныг чинь санаж байна?
-“Монстер” шоунд ах эгч нартай өрсөлдөөд тавдугаар байрт орсон. Энэ удаад өрсөлдөөд түрүүлж чадахгүй гэдгээ мэдэж байсан юм.
-Дуулахаас өөр ямар авьяастай вэ?
-Жүжиглэж, бүжиглэх дуртай. Ер нь би том болоод жүжигчин болно.
-Дуучин болохгүй юм уу?
-Жүжигчин хүн бүх юмыг хийдэг шүү дээ. Жүжиглэхийн хажуугаар дуулна.
-Чи юу мөрөөддөг вэ?
-Би Холливудын од болохыг мөрөөддөг. Тэгээд өдөр бүр м ө р ө ө д л ө ө зурдаг. Холливуд ийм тайзтай байх. Энэ тайзан дээр би ингэж тоглоно гээд л... Дээр нь Монгол Улсынхаа далбааг зурдаг. Би бүр жаахан байхдаа компанийн за хирал болчихоод, хар шил зүүгээд хаммер жийпний ард суугаад явна гэж мөрөөддөг байсан. Тэр мөрөөдлөө биелүүлж, хаммер, лемузний ард сууж үзсэн шүү.
-Хичээлдээ ямар дүн авдаг вэ?
-Математик, англи хэлний хичээлд толгой цохидог. Бүх тоо толгойн дотор байна. Монгол хэлний хичээлдээ сайн, ангийнхантайгаа зэрэгцээд явж байгаа.
-БНХАУ-д тоглолт хийсэн гэл үү?
-Ээжтэй хамт Манжуур, Хайлаараар аялсан. Тэгж явахдаа Манжуурт нэг айлын хүүхдийн сургуулийн найранд дуулсан юм. Өвөрмонголчууд хүүхдээ их сургуульд элсэхэд найр хийдэг юм билээ. Гэтэл маргаашнаас нь маш олон найранд дуулуулах урилга ирсэн. Ингээд театрын дарга нь тоглолтоо хийгээч гэсэн санал тавьсан. Өнгөрсөн хавар “Авьяаслаг хятадууд” тэмцээнд оролцож, гуравдугаар байрт шалгарсан Уудам ахтай хамтарч, Баргын зүүн хошуу, Хайлаарын Лантуун, Баруун хошууны Алтан эмээл гэдэг хотод тоглолт хийсэн.
-Үзэгчид яаж хүлээж авсан бэ?
-Сайхан хүлээж авсан. Өвөрмонголын “Одон” телевиз Цагаан сарын тоглолтдоо урьсан. Бас би “Авьяаслаг хятадууд” шоунд оролцож, гуравдугаар шатанд орох болсон шүү дээ.
-Яахаараа “Авьяаслаг хятадууд” шоунд чи орчихдог юм бэ?
-Би оръё гэж ороогүй. Санаандгүй орчихсон. Тэр шоуны эхний шатны шалгаруулалт нь орон нутагтаа болдог юм билээ. Намайг Өвөрмонголд байхад хоёрдугаар шатны шалгаруулалт болж таарсан. Тэнд морин хуур тоглож оролцсон өвөрмонгол хүү намайг дуулаад өгөөч гэсэн юм. Тэгээд би “Алсад суугаа ээж”-ийг дуултал шүүгчид нь намайг дараагийн шатанд тэнцүүлж болохоор хүүхэд байна. Шанхайд болох гуравдугаар шатны шалгаруулалтад ирээрэй гэсэн.
-Чи тэгээд очих уу?
-Мэдэхгүй. Уг нь очмоор л байна. Ээж явуулах нь уу, үгүй юү мэдэхгүй байна.
Х.УЯНГА