Улаанбаатарын авто замаар бандгар жийп, хаммерууд шүргэлцэх шахам явна. Бас болоогүй хар утаагаар унгас алдсан “өвгөн” тэрэгнүүд хажуугаар нь сүнгэнүүлнэ. Харин үүний эсрэг дүр зургийг Берлиний гудамжаас харж болно. Авсаархан, түлш бага зарцуулдаг, цахилгаан хөдөлгүүртэй гэхчлэн байгаль орчинд хөнөөл багатай, дэвшилт техник технологийн жишээ болсон авто хөлгүүд тэнд байна.
Үүний нэг нь “Audi E1”. Хоёр суудалтай, цахилгаан хөдөлгүүртэй энэхүү унааг өнгөрсөн есдүгээр сард Франкфуртын автомашины үзэсгэлэн худалдааны үеэр олон нийтэд танилцуулсан. Авсаархан “Audi E1”-ийн “ихэр” энэхүү дэгжин унааг “Audi Urban Concept” гэдэг. “Мегаполис хотын авто замд тохирсон, цахилгаан хөдөлгүүртэй. Басхүү тун дажгүй загвартай учраас хотын гудамжийг чимнэ. Техникийн үзүүлэлтийн хувьд өмнө нь байсан аль нэг загварынхад суурилаагүй. Уралдааны машины элементийг шингээсэн, хотын хэрэглээнд хамгийн тохиромжтой, эвтэйхэн “Fun-Cars”. Зохион бүтээгчид нь “Audi Urban Concept”-ийг ийнхүү дүгнэжээ.
ЦАХИЛГААН ХӨДӨЛГҮҮРТ МАШИНЫ ШИНЭ ҮЕ ЭХЭЛЛЭЭ
Мэргэжилтнүүд тодорхойлсноор “Audi Urban Concept” бол цахилгаан хөдөлгүүрт хөлгийн шинэ үеийн эхлэл аж. Нүүрстөрөгчийг олон найрлагат давирхайтай нийлэгжүүлэх замаар гарган авсан материалаар эл машины “арьсыг” хийсэн тул ердөө 480 кг жин татна. “Audi Urban” хоёр хөдөлгүүртэй, 20 морины хүчтэй бөгөөд 100 км/цаг хурдална. 16.9 секундэд 60 км хурдлах хүчин чадалтай.
20 минутад бүрэн цэнэглэгддэг учраас энэ төрлийн бусад унаанаас давуу. Цахилгаан хөдөлгүүрт бусад машины цэнэглэгдэх хугацаа 4-12 цаг аж. Агаарын бохирдол, экологийн асуудалд анхаарал хандуулж байгаа өнөө үед дээрээс нь “хотын ширэнгийг” бухимдалгүй туулах уг машины урт нь 3.22 м. 1.67 м өргөнтэй “Audi Urban”-ыг “Volkswagen” ирэх оны эхээр олон нийтэд танилцуулахаар төлөвлөжээ.
Э.ХАНА