-Зурхайд итгэдэг үү. Хэрэв итгэдэг бол өнөөдөр танд зурхай юу гэж зөвлөснийг харж амжсан уу?
-Би хумхын орд. Зурхайд итгэнэ, ер нь ихэнхдээ үнэн байж таардаг. Өнөөдрийн хувьд (мягмар гариг) харж амжсангүй ээ.
-Хэрэв таны амьдралаар Холливудын кино хийхээр болбол өөрийнхөө дүрд ямар жүжигчин тоглуулах вэ?
-Олны танил болж амжаагүй, цоо шинэ жүжигчин тоглуулахыг хүснэ.
-Дэлхийн III дайн удахгүй болно гэх юм. Таны амьдарч буй үед ийм явдал болвол дайнд явахад бэлэн үү?
-Бэлэн биш.
-Нас бол хэн нэгэнд байдаг юм биш, харин хэн нэгний анзаарч хардаг л зүйл гэх үзэлтэй санал нийлдэг үү. Эргээд харахад таны амьдралын сонирхолтой хуудсууд хэдэн насанд чинь илүү хамаатай байна вэ?
-Тийм шүү, би санал нэг байна. Одоо эргээд бодоход хүүхэд нас, тэр дундаа дунд сургуульд өнгөрүүлсэн он жилүүд хамгийн сонирхолтой, дурсамжтай өнгөрчээ.
-Амьдралд та хэний дүрд хамгийн үнэмшилтэй тоглож чаддаг вэ?
-Хий хоосон дүр бүтээгээд, түүндээ нийцэхгүй амьдрах хэцүү, би чадах ч үгүй. Өөрийн минь дүр л хамгийн үнэмшилтэй байдаг.
-Дэмий зүйлд мөнгө үрж буйгаа мэддэг хэрнээ хэтэвчээ уудлахаас татгалздаггүй юм байдаг уу?
-Хувцас. Нэг харахад хэрэгтэй, хэрэггүй баахан хувцас авчихсан байдаг юм. Заримыг нь бүр өмсөхгүй тохиолдол ч бий.
-Таны үзэл бодол төлөвшихөд хамгийн их нөлөөлсөн хүн, ном хөгжмийг нэрлэнэ үү. Ямар дуу сонсоод сэтгэл хөдлөлийн хамгийн дээд хязгаарт хүрч чаддаг вэ?
-Аав, ээж болон дунд сургуулийн багш нар маань Г.МэндАмар гэдэг хүн үзэл бодлын хувьд төлөвшихөд хамгийн их нөлөөлсөн. Ном гэвэл, “Болор толь”, “Элс цас” зэрэг түүхэн, уран зохиолын номууд надад их зүйл өгсөн. Багадаа алдарт хөгжмийн зохиолч Камиль Сен-Санс, Иоганн Себастьян Бахын хөгжмийн зохиолуудад дурлаж, өөрөө төгөлдөр хуур дээр тоглодог байсан. Хөгжмийг ойлгож, мэдрэхэд хамгийн их нөлөөлсөн.
-Та хүссэн газраа очиж чаддаг ид шидтэй болчихвол яг одоо хаашаа явахыг хүсэж байна вэ?
-Саран дээр л очиж үзмээр байна шүү (инээв).