Өнгөрч буй онд алдартнууд янз бүрийн аргаар олон нийтийн анхаарлыг татах гэж хичээсэн. Нэгнийх нь шинэ дуу супер хит болж, хөгжмийн ертөнцийн томоохон наадмуудаас удаа дараа шагнал хүртсэн бол өөр нэг нь хүний амь аварч, зоригтой нэг нь будаггүй төрхөөрөө алдартай сэтгүүлийн хавтсыг чимжээ.
Зууны хурим
Тэрбумаар тоологдох хөрөнгө байсан ч XXI зуунд жинхэнэ язгууртан гэр бүлийн эгнээнд багтаж, жинхэнэ ханхүүтэй гэрлэнэ гэдэг ховор тохиох боломж. Харин Английн ажилчин гаралтай тэрбумтны охин Кейт Миддлтонд энэ ховор завшаан тохиож, тэрбээр зууны цуутай хуримын сүйт бүсгүй болж чадсан. Энэ бол өнгөрч буй оны хамгийн онцгой үйл явдал. Тэдний харилцаа албан ёсных болтол багагүй бэрхшээл туулсан. Их сургуулийн танхимаас эхэлсэн романс нь хэвлэлийнхний анхаарлыг татаж, ирээдүйн гүнжийг хөл хүнд болсон хэмээн бичиж байсан удаатай. Гэхдээ Кейтийн хувьд үлгэр аз жаргалтай төгссөн.
Гэрлэлт
Кейт Миддлтоны үлгэр аз жаргалтай төгссөн бол Америкийн шоу од Ким Кардашьяны хувьд таагүй байсан. Гэрлэлтийн хувьд амжилтгүй байсан ч алдар нэрэнд дуртай бүсгүйн хувьд ихээхэн ашигтай байсан гэж болно. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард сагсан бөмбөгчин Крис Хамфрисомтой хуримласан. Гэхдээ хоёр сар гаруйхан хугацааны дараа салах өргөдлөө өгч, хоёр тийш болсон. Энэ үед хартай хэвлэлийнхэн гэрлэлт нь бүтэлгүйтсэн хөөрхий бүсгүйд харгис асуулт тавьсан нь “Вера Вонгийн хэдэн зуун мянган долларын үнэтэй хээнцэр даашинзаар гоёж, үнэтэй харшид хуримын цайллага хийж байхдаа гэрлэлтээ 72 өдрийн “настай” гэдгийг мэдэж байсан уу?”. Реалити шоуны од бүсгүй энэ салалтаасаа 18 сая долларын “ашиг” олсноос гадна бүтэн зуны турш шуугианы эзэн болсон болохоор тэд ингэж асуужээ. Ким Кардашьян алдар цуутай болохын тулд хурим хийж “жүжиглэсэн” юм болов уу? Эрс өөрчлөлт Кэти Перригийн давтагдашгүй, өвөрмөц төрх нь түүний карьерийн үнэт зүйл. Харин тэрбээр энэ жил тас хар үсээ шаргал болгож, удалгүй ягаанаар будсан. Гэсэн ч энэ өөрчлөлт нь түүний уран бүтээлд ямар нэг нөлөө үзүүлсэнгүй. Тэрбээр “MTV”, “EMA”, “AMA” зэрэг нэр хүндтэй наадмуудаас шагнал хүртсэн амжилтаар энэ оныг үдэж байна.
Нөхөрлөл
Роберт Паттинсоны хувьд өнгөрч буй он уран бүтээлийн олз омогтой байсан төдийгүй хувийн амьдрал нь дуулиан шуугианаар дүүрэн байсан. Тэр “Бүрэнхий” киноны нэг цувралыг амжилттай дуусгасан төдийгүй шинэ найзтай болсон. Тэр бол “Бамбарууш” хочтой түүний нохой. Роберт хаягдсан амьтдын асрамжийн газраас энэ нохойгоо авч, тэжээж байгаа юм.
Баатарлаг үйлс
Роберт нохойны амь аварсан бол Кейт Уинслет хүний амь аварсан. Оскарын шагналт жүжигчин Кейт Уинслет шатаж байгаа байшингаас 90 настай эмгэний амийг аварсан юм. Жүжигчин Кейт Уинслет Неккер арал дээрх байшиндаа амарч байхад нь хүчтэй шуурга дэгдэж, үүний улмаас цахилгааны асуудал үүсэж, хөршийнх нь байшинд түймэр дэгджээ. Кейт энэ үеэр байшин руу нь орж, 90 настай эмгэнийг галаас аварсан юм. Дараа нь Кейт “Бүх зүйл киноны зураг авалтын талбарт байгаа юм шиг санагдаж байсан. Гагцхүү тэнд найруулагчийн “Эхэллээ, дууслаа” гэсэн команд л байгаагүй” гэж хуучилжээ.
Будаггүй төрх
Этгээд хэлбэртэй нүдний шил, гайхмаар үс засалт, байж боломжгүй загварын малгайнууд. Энэ бол дуучин бүсгүйн эд эрхтэн шиг нь салшгүй нэг хэсэг. Эдгээр нь үгүй бол тэр Лэди Гага байж чадахгүй. Гэхдээ тэрбээр загварын ертөнцийн хүндтэй сэтгүүл болох Harper’s Bazaarийн хавтасыг ямар ч будаггүй төрхөөрөө чимсэн. Энэ талаараа тэрбээр “Би бол өөрийнхөө үнэнч шүтэн бишрэгч. Хүмүүс миний жинхэнэ төрхийг хараад яах бол гэж бодоод ийм шийдвэр гаргасан” хэмээн ярьсан.