Загварын ертөнцөд хэзээ ч хуучирдаггүй өндөр өсгийтийг охид, бүсгүйчүүдийн үнэтэй гоёл гэдгийг хүн бүхэн мэднэ. Гутлын өсгий өндөрсөх тусам бүсгүй хүний бие, галбирыг төгс сайхан харагдуулж, алхаа гишгээг нь хүртэл засаж өгдөг хэмээн эрчүүд ч хүртэл “магтдаг”. Тэгвэл эмч мэргэжилтнүүд үүнээс арай өөр зүйл зөвлөж байна. Тэдний олонх нь “Өдрийн ихэнхийг өндөр өсгийт дээр өнгөрөөх хэрэггүй. Өдөр бүр өмсөхөөс татгалз.
Өндөр өсгийтэй гутал нь хөлийн өлмий болон хуруунд ачаалал их өгдөг. Бие ядрах, цаашлаад хөлийн доод хэсгийн ясны бүтцэд өөрчлөлт оруулдаг. Тиймээс таван сантиметрээс дээш өсгийтэй гутал үргэлж өмсөх тохиромжгүй юм” хэмээжээ. Хөлийн ясны бүтцэд өөрчлөлт орсноор эрхий хурууны дээд үены яс төвийж ургадаг байна. Энэ нь ихэвчлэн 25-аас дээш насныханд элбэг тохиолддог. Хэрэв таны хөлөнд ямар нэгэн өөрчлөлт орсон бол цаг, алдалгүй эмчид хандаарай. Учир нь энэ төрлийн эмчилгээг зөвхөн мэс ажилбарын аргаар анагаадаг аж.
Мэс ажилбар хийхэд нас хамаарахгүй ч 25- 35 насанд эмчлүүлбэл илүү тохиромжтой. Өндөр өсгийтийн бас нэг сөрөг нөлөө нь хазгай, хэлтгий гишгэх магадлалыг ихэсгэдэг. Хазгай гишгэснээс болж хөлийн шагай булгарах, зөөлөн эд гэмтэх, яс цуурах аюултай. Хөлийн яс янгинаж өвдөх, эсвэл далий, хазгай эдгэвэл мэргэжлийн эмчид хандаж, эмчилгээ хийлгээрэй.
Г. БАТЦЭЦЭГ