Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн урд хөршийн Гуанжоу хотод энэ сарын 6-10-нд болж өндөрлөлөө. 20 дахь удаагийн энэхүү тэмцээнд Монголоос Х.Хатанбаатар ахлагчтай дөрвөн хүн оролцож, Хятад, Францын багийн дараа буюу гуравдугаар байрт шалгарсан байна.
Тэд 21 орны 125 тамирчинтай 10 төрөлд оюун ухаанаа уралдуулан ийм амжилтад хүрчээ. Багийн ахлагч, ой тогтоолтын олон улсын аварга Х.Хатанбаатар карт цээжлэх төрөлд өгөгдсөн нэг багц буюу 52 ширхэг хөзрийг 47 секундэд цээжлэн алдалгүй нэрлэснээр дөрөвт, ой тогтоолт шалгах төрөлд долдугаар байрт шалгарчээ.
Багийн гурван тамирчин шилдэг 10-т багтан, хоёр нь их мастерын болзол хангаж, багаараа гуравдугаар байрт орсон юм байна.
Ж.ЦЭЦЭГ