Монголын урлаг соёлын өвийг хамгаалах, хадгалах тэр дундаас монгол ардын уртын дууг хөгжүүлэх, судлах, сурвалжлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх ажлыг дэмждэг “Норовбанзад” сангийнхан манлай, гарамгай дуучин агсны нэрэмжит шагналыг санаачлан бий болгожээ. “Норовбанзад” шагналыг соёл урлагийн шилдгийн шилдэг бүтээлд олгох бөгөөд шагналтнаа тодруулах ёслолын анхны арга хэмжээ өчигдөр болсон. Энэ өдөр буюу арван хоёрдугаар сарын 14-нд Монгол Улсын Төрийн соёрхолт, хөдөлмөрийн баатар, Азийн Фүкүокагийн соёлын шагналт уртын дуучин Н.Норов банзад агсан мэндэлжээ.
Түүний мэндэлсний 80 жилийн ойд зориулан бий болгосон энэхүү шагнал Монголын авьяастнуудыг, урлаг соёлын хөгжлийг дэлхийн тавцанд хүргэх зорилготой. Энэхүү нэр хүндтэй шагнал гардуулах арга хэмжээг хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулж, “Шилдэг уран бүтээл”, “Шилдэг уран бүтээлч”, “Шилдэг урлагийн оюуны бүтээл” гэсэн төрлөөр тодруулах юм. Уртын дууны гайхамшгийг монголчууд төдийгүй тив, дэлхийн хүмүүсийн сэтгэлд хадаж өгсөн их гавьяатай зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад агсны нэрэмжит шагналын “Шилдэг оюуны бүтээл”-ийн анхны эзнээр “Хобби” сургуулийн захирал Д.Оюунцэцэг шалгарчээ.
Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа амилуулсан “Аида” дуурийг тус шагналын “Шилдэг уран бүтээл” төрөлд шалгаруулсан бол “Шилдэг уран бүтээлч”-ээр ҮДБЭЧ-ын морин хуурч, ардын жүжигчин Ч.Батсайхан тодров. Шагнал тус бүрт үнэт чулуун дээр алтан шармал үсгээр бичсэн дурсамж, таван сая төгрөг гардууллаа. Намжилын Норовбанзад агсны шавь Ц.Дэлгэр багшаа үргэлж сэрүүн тунгалаг хэмээн бодож, сэтгэлдээ түүнд залбирч явдаг аж. “Н.Норов банзад гэдэг агуу хүн бол Монголын төдийгүй дэлхийн хэмжээний дуучин юм шүү” хэмээсэн тэрбээр “Багш аа, би үргэлж таниар бахархаж явдаг шүү. Өдий зэрэгтэй яваа минь таны л ач. Тиймээс таны их ач буяныг би олон олон хүнд хүртээхийн төлөө зүтгэх болно” хэмээн тэнгэрийн оронд заларч буй багшдаа сүсэглэн өгүүлэв.
Ж.ЭРДЭНЭ