Ийм нэртэй төслийн багийнхан гурван сарын хугацаанд 14.000 км зам туулжээ. Тэд Монгол орны хойморь нутаг Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Шарын даваа, Өмнөговь аймгийн Номгон сумын Орвог гашууны бор толгой, Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын Хүйтний оргил, хилчний гар, хээрийн салхинаас өөр зүйл хүрч үзээгүй Дорнод аймгийн Халхгол сумын Соёлз уулын Модот хамар хэмээх хязгаарт хүрч чадсан байна.
Бүр 450 км газар мориор явсан гэнэ. Тэд энэ аяллынхаа тухай гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, баримтат кино бүтээжээ. “Тусгаар тогтнол газар шороо” нэртэй киноныхоо нээлтийг өчигдөр ХААН банкны театрт хийсэн юм. Үүнээс гадна дөрвөн цуврал нэвтрүүлэг бэлтгэсэн аж. Улсын маань хилийн зурвасын түүхийг харуулсан уг киног үзээд сэтгэл өөрийн эрхгүй бахархлаар дүүрсэн.
Багийн бүрэлдэхүүнд ХХЕГ-ын ОНХА-ны дарга, дэд хурандаа Д.Баасанжаргал, МҮОНТ-ийн зураглаач, төслийг санаачлагч Ч.Батгэрэл, ММ агентлагийн ерөнхий найруулагч Н.Чингис, сэтгүүлч Т.Үүрцайх нар ажиллажээ.
Э.ХАРЦАГА