Сэтгэл гэгэлзүүлж, сайхан мэдрэмж төрүүлдэг зүйлсийн нэг нь хайр. Энэхүү дөрөвхөн үсэгтэй үгний цаана жаргал, баясал бий. Басхүү бяцхан зовлон ч нуугдаж байхыг үгүйсгэхгүй. Хүн амьд яваагаа мэдрэхэд хайр хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Ерөөс хүн хайраас урган хорвоод мэндэлсэн цагаасаа л хайраар угтуулж, хайрыг мэдрэн, хайраа бусдад өгч, хайранд хоргодсоор хорвоогоос хальдаг нь үнэний туйл. Бид хорвоод мэндлээд ойр дотныхноороо хүрээлүүлж, тэднийхээ төлөө насыг барж гэмээнэ амьд явсны хэрэг бүтдэг мэт. Эргэн тойрны бүх хүн хайраар бялхаж байвал амьдрал баяр баясгалантай, аз жаргалтай. Хайр байгаа газар уучлал, ухаарал, сэтгэл хөдлөл, гомдол, цөхрөл, уйтгар гуниг хамт оршдог.
Ер нь хайрын тухай ийм их тайлбар, оршил тавих нь илүүц биз. Хүн хамгийн сайн мэддэг зүйлээ муу илэрхийлж, хамгийн их хайрладаг хүндээ сэтгэлээ нээж чаддаггүй болов уу? Гэхдээ “хайртай” гэж хэлсний хэрээр хайр бат бөх болдог гэвэл өрөөсгөл. Энэ үгийг хэлсэн хэлээгүй дотроосоо буцлах тэр халуун мэдрэмж нэгээс нөгөөд жаргал бэлэглэдэг шүү дээ. Сүүлийн үед хосууд бие биенээ “Хайр аа” хэмээн энхрийлэн дуудах болж. Магадгүй эмэгтэй хүн болоод ч тэр юм уу, энэ үг сайхан санагдаад ингэж цоллуулмаар байгаагаа нөхөртөө хэллээ. Арваад жил ханилсан тэр маань нүдээ том болгон “Тэртэй тэргүй хайртай юм чинь тэгж дуудаж яах юм бэ, тэр чинь манж үг шүү дээ, хөгшин минь” гэлээ.
Мангардуухан энэ үгэнд гомдсон ч хар нялхаараа хөгшөөн хэмээн дуудалцсан болохоор дотно энэ үгээ ам эвлэхгүй өөр үгээр сольж би ч бас хараахан төвдсөнгүй. Хэзээнээс нэгнээ “Та” хэмээн нэрээр нь ч дуудахаас эмээж ирсэн монгол түмний хандлага хамгийн зөв байж. Та бидний аав, ээжүүд амьдралын хатуу хөтүүг хамтдаа даван туулж, олон хүүхдээ тойруулан налайхдаа туурга тусгаарлаж, тулга хөргөсөн нь үгүй. Тэгтэл одоо зарим хос аман дээрээ “Хайр аа” гэчихээд ганц, хоёрхон хүүхдээ ч тойглож хүчрэлгүй, амьдралын аар саархан асуудалд дарагдаад ирмэгц тулга тойрсон хэрүүл хийх нь энүүхэнд. Тэр үед өнөө гайхамшигт хайр нь хаачив гэмээр алга болж, “Хайр аа” гэх үг нь хараалаар солигдоно.
Нялуун атлаа хиймэл “Хайр аа”-г хэдхэн сарын өмнө танилцсан нэгэнд зориулна. Тэгтэл хорь, гучин жил ханилсан аав, ээж маань нэгнээ “Хонгороо, хайр аа” гэж дуудахыг би л лав сонсоогүй. Тэд маань бие биедээ хайргүйдээ биш, ухаантай намбатайдаа халуун дулаан хайраа дотроосоо төөнүүлж явдаг юм байна. Бодсоны эцэст хайртай гэж хэлсний хэрээр хайр хэмжигддэггүй юм байна гэсэн шийдэлд хүрэв, би.
О.Тайгам