Өнгөрсөн намар “Хязгааргүйн цаана” тоглолтоороо үзэгчдээс өндөр үнэлгээ авсан дуучин Б.Баярцэцэгийн дараагийн тоглолтын сураг гарлаа. Түүнтэй холбогдож энэ талаар тодруулав.
-ОХУ-ын дуучидтай хамтарч тоглохоор болсон гэв үү?
-Энэ мэдээг одоохондоо нууцалж байгаа юмсан. Чи хаанаас сонсчихов оо. Төлөвлөж байгаа зүйл бий.
-Ямар хамтлаг, дуучинтай хамтрах вэ?
-Хэнтэй дуулахаа шийдээгүй байна. Тоглолт зохион байгуулах баг ажилдаа орсон. Тэд гэрээ хийж, хэнийг авчрахаа шийднэ. Тэр үед л тодорхой зүйл ярья. Төлөвлөж байгаагаар ирэх оны тавдугаар сард тоглох болов уу.
-Уран бүтээлийн сонин сайхан их биз дээ?
-Намайг дуундаа клип хийлгэх талаар хангалтгүй ажилладаг гэж шүүмжилдэг. Тиймээс ажиллаж байгаа. Мөн ирэх намар хоёр дахь бие даасан тоглолтоо хийх санаатай.
-Шинэ жилийн баярын урилгад дарагдаж байна уу?
-Урилга их ирж байна. Оны сүүлчийн өдөр ээжийндээ очиж, шинэ оноо угтана. Би ер нь он солигдох мөчид гэртээ байдаг. Гадуур шинэ он гаргаж байсан удаагүй.
А.АМИНА