Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Жамбын Дашдондогтой саяхны нэг өдөр утсаар холбогдлоо.
-Сайн байна уу, Дондог ах аа. Та хаана явна вэ?
-Монголын газрын зургийн хамгийн хойт хэсэгт Дэлгэрхааны оргил шиг ёнцойж гарсан өнцөг байдаг шүү дээ. Тэнд л явж байна.
-Хөөх! Хөвсгөлийн тайгад уу.Тэнд юу хийж яваа юм бэ?
-Нүүдлийн номын сан аялуулж, цаатан хүүхдэд ном уншуулж, эцэг эх чүүдэд нь лекц уншиж явна.
-Наана чинь хүйтэн байгаа биз дээ. Даарч зутарч явна уу?
-Хойт зүгийн чимэг болсон мөнгөн тайгаар цаа унаж явах шиг сайхан юм хаа байх вэ. Нэг удаа цаанаас унаж хавиргаа гэмтээснийг эс тооцвол дажгүй явж байгаа шүү.
-Цаатнууд дор нь шог дуу зохиочихдог гэл үү?
-Тэгэлгүй яах вэ. Тайгынхан чинь бүгдээрээ яруу найрагч байдаг юм.
Улаан дээлт гуай цаанаас дахин
Унаа болов уу, яагаа бол?
Ууттай номыг нь цаатан жаалууд
Уншаа болов уу, яагаа бол? гээд л дор нь зохиочихож байгаа юм чинь.
-Та улаан дээлтэй явсан юм уу?
-Тайгын хүүхдүүд намайг хараад Өвлийн өвгөн ирлээ гэлцэн гүйлдэж байлаа. Харамсалтай нь миний уутанд чихэр жимс алга. Андерсений үлгэрээс эхлээд л гоё гоё ном дүүрэн.
-Мэдээж, уран бүтээлийн олз омог той яваа биз дээ?
-Уран бүтээлийн богц минь тайгаас хоосон буцаж байсан удаагүй. Хорин хэдэн насандаа алдарт улаан тайгаар аялахдаа “Ар тайгын хүү” гэдэг номтой ирж байсан. Энэ удаа “Ар тайгын улаан дээлт” номтой ирлээ.
-Хөвсгөл нутаг ер нь таны сэтгэлийг их татдаг юм аа даа, янз нь?
-Хөвсгөлийнх гэхээр л жийрхдэг, дархад гэхээр л хараал ерөөл хийдэг мэтээр ойлгодог хүмүүс байдаг юм. Тийм биш. Тэнд чинь Чингис хааны итгэлийг олсон хамгийн шударга овгийн ач үрс суудаг юм. Илэн далангүй, нээлттэй, амьдралын хатуу хүтүүг хошин шогоор зөөллөсөн, тусч сайхан сэтгэлтэй хүмүүс тэнд бий. Өчүүхэн надад сэтгэл гарган тус алсан Баатар-Очир даргатай Боловсрол Соёлын газрынхан, Улаан-Уул, Цагаан нуур сумын дунд сур гуулийн удирдлагуудад баяр талархлаа илэрхийлье.
-Таны нүүдлийн номын сан цаашдаа үргэлжлэх үү?
-Бид сүүлийн 20 жилийн турш Монголын бүх аймгаар нүүдлийн номын сан аялууллаа. Дэлхийн бөмбөрцгийг бүслүүрээр нь хоёр тойрох хэмжээний зам туулжээ. Хорин нэг дэх жилийнхээ гарааг Хөвсгөлийн хойт хязгаарын ар тайгаас эхэлж байна. Мөрөөдлийн цаа унаж, номын уут үүрсэн Өвлийн өвгөн би Нүүдлийн номын сангаас оюуны өглөг хүртсэн Монголынхоо нийт бяцхан уншигчид, тэдний эцэг, эхчүүдэд айсуй шинэ оны мэндчилгээ дэвшүүлж, цагийг эзэл сэн мэргэд цэцэд олноор төрөх болтугай! гэж ерөөе.
Г.ОЮУНГЭРЭЛ