Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд орчин цагийн монголчуудын амьдралын хэв маягийг тал бүрээс нь харуулсан уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Уламжлалт ахуй, шуугиант хотын амьдрал, алс холоос “нүүдэллэн ирсэн хунгууд” гээд өнөөдрийн бидний эргэн тойрныг харуулсан уран бүтээлүүдээс өвөрмөц өнцөгтэй дөрвөн амьдралыг онцоллоо.
Шилбүүрэн даага, шагайн морьтой монгол жаалууд

Энэ зургийг харсан монгол хүн бүрийн сэтгэлд бага насны дурсамж хөврөх нь дамжиггүй. Зуны аагим халуунд сүүдэр бараадан, гэр тойрон “нүүгээд”, зэлгэн хярам залгилж, багачууд шагай няслан, шуугилдах дүр зураг сэтгэлд нь үлдээгүй монгол хүн үгүй биз. Зураач Х.Алтангэрэлийн “Морьтой Монгол” бүтээлийг хараад ийн бодлоо. Наадамд морьдоо сойсон ах, эгчээ хараад шилбүүрэн даага унасан хүү юу бодож зогсоо бол. Доошоо харан бодол болсон ахынх нь морь хол хоцорчихсонд санаа нь зовж байгаа байх. Харин уяа, сойлго нь таарсан “хүлгүүдийнхээ” хурдлахыг харсан эгчийнх нь сэтгэл тун хангалуун байгаа биз. Орчин цагийн хэмнэлд уусаж, монгол ахуйгаасаа бага багаар холдож байгаа бид ядаж л шагайн морио уралдуулахаа мартаж боломгүй...
Ц.Монголын сэтгэлд буусан хунгууд

Зураач Ц.Монгол орос нутгийн “хунгуудыг” бүтээлдээ айлсуулсан нь орчин цагийн монголчуудын сонгодог урлагийн мэдрэмжийг гайхалтай сайхан харуулсан тод жишээ болжээ. Өөр өөрийн өнгө төрхийг хөдөлгөөндөө шингээсэн дөрвөн балетчин бүсгүй эмэгтэй хүний уян налархай, энхрий ялдам байдлын төгс илэрхийлэл. 40- өөд жил будаг, бийртэй нөхөрлөсөн уран бүтээлч “Зураач, зохиолч, дуучин, бүжигчин гээд урлагтай холбогдсон хүн бүрийн бүтээлд хэмнэл, өнгө аяс, нюанс бий. Тухайн хүн энэ бүхнийг илэрхийлэхдээ дотоод ертөнцтэйгээ холбодог нь онцлогтой. Дөрвөн “хун” маань ч миний сэтгэлийн тусгал” хэмээсэн.
Хүн бүрт солонго бий

“Солонгонд хууртсан хүмүүс” зургийн гол санаа нь өөрт байгаа солонгыг олж харахад оршино. Залуу зураач Н.Мөнхбат хий хоосон, тэнгэрийн солонго шиг хэзээ ч баригдахгүй зүйлийг мөрөөдөх бус, өөрт байгаа нандин чанараа олж хараад бодит үнэнийг үнэлж сурахын чухлыг өгүүлэхийг хүсчээ. Дэргэд буй үнэт зүйлсээ олж харахгүй хүний юм руу өнгийж байгаа хүмүүсийг тэрбээр солонгонд хууртсан хэмээн тодорхойлжээ.
“Амьдралын шат”
Нүүрээ цамцаараа хагас халхалж, өлмий дээрээ зогссон энэ бүсгүй цаанаа л нэг донжтой, цэмцгэр. Ингээд зогсохоор хөлийн хуруу нь өвдөж байгаа болов уу? Бүсгүй “Өвдөж байна гэж хэлэхгүй” гэж хариуллаа. Яагаад өлмий дээрээ зогсож байгаа юм бол? Бүсгүй “Амьдралыг нэг шат өндрөөс харах гэсэн юм” гэлээ. Өөр олон зүйл асуумаар байх юм. Тэр амаа халхалсан тул түүний ертөнцөд нэвтрэх амаргүй аж. Тэгээд бүсгүйг “төрүүлсэн” зураач Л.Хонгорзултай холбогдлоо. “Охин” минь нүүрнийхээ талыг цамцаараа халхалсан учир нь амьдрал гашуун байсан ч муухай гэхгүй гэсэн утгатай. Олон үетэй, өнгө өнгөөр алагласан трико өмссөн нь хүний амьдралын үе шатыг харуулж байгаа юм. Өнгө бүр нь нэг шат. Хүн амьдралын туршдаа шатаар өгсөж байдаг шүү дээ. Бас уруудах үе ч бий. Гэхдээ уруудаж биш, өгсөх нь амьдралын утга учир. Тиймээс үс нь салхинд хийсэж байгаа юм. Салхи сөрөн алхаж байгаа болохоор тэр. Бүтээлийнхээ зохиомжийг гурвалжин хэлбэрт барьсан нь энэ л утгын илэрхийлэл. Залуу зураач Л.Хонгорзул бүтээлээ ийнхүү тайлбарласан.