Шавар урлаач болоход баримлын шавар эхлэл минь болсон юм болов уу. Яг энэ мэргэжлийг эзэмшье гэж зүүдэлж мөрөөдөж яваагүй. Дунд сургуульд байхдаа ханын сонин хийх албанд томилогддог гарын дүйтэй хүүхдүүдийн нэг байсан ч мэргэжлээ сонгохдоо зураач биш керамикийн ангид орсон. Амьдралд илүү ойр санагдсан. Хүний эдлэж хэрэглэж байгаа бүхэн шавраас эхлэлтэй. Алтан аяга, мөнгөн домбо, төмөр тогооноос өмнө шавраар бүхнийг хийдэг байсан. Хүн төрөлхтний үүсэл хөгжилтэй бараг нас чацуу шавар урлал өнөөдөр ч гэсэн бидний эргэн тойронд байсаар байна.
Зураач бийрээр будаг амилуулдаг бол загвар зохион бүтээгчид даавууг тансаг гоёл болгодог. Харин керамик урлаачид байгалийн шаврыг бүтээл болгодог.Бүсгүйчүүдийн гоёл чимэглэл, жижиг аяганаас эхлээд барилгын ханын чимэглэл, бүхэл бүтэн хотыг ч шавраар урлаж болно. Шаврыг гараараа нухах энгийн аргаас эхлээд элдэх, хэвлэх, савхан хэлбэртэй болгож байгаад ороомгийн аргаар бүтээл болгох, эргүүлэг дээр аяга, сав, ваар, баримал хийх гээд керамик урлалын хэд хэдэн үндсэн арга бий. Надад эргүүлгийн арга сонирхолтой санагдаж, ихэнхдээ эргүүлгийн ард суух болсон. Эргэлдэж байгаа тавцан дээр төв цэгийг нь олж тавьсан шавраар ваар, аяга, гүц, том, жижиг баримал гээд юу хүссэнээ хийж болно. Хүмүүс хараад “Амархан юм” гэдэг ч эргүүлгийн ард сууж энгийн нэг ваар хийх хялбар ажил биш.
Хэлж, ярьж, илэрхийлж чадахгүй байгаа дотоод төсөөллөө хэлбэрээр харуулна шүү дээ. Хараа, анхаарлаа төвлөрүүлж, хурууны мэдрэмжээрээ ажиллана. Эргэлдэж байгаа шавар гарын аясаар хэлбэржиж байгааг хурууны өндгөөрөө мэдэрнэ. Нэг газар ялимгүй хүчтэй дарахад арай гэж хэлбэр оруулсан ваар чинь цоорчих жишээтэй. Хэлбэр гаргах, улны гээд олон багаж хэрэглэдэг ч хамгийн гол багаж маань хоёр гар маань. Уур уцаартай, сэтгэл тавгүй үед эргүүлгийн ард суугаад шавартай ноцолдоход тайвширдаг. Анхаарал, мэдрэмж шаардсан энэ чанар нь сайхан. Багш шигээ болох мөрөөдөлтэй уран бүтээлчийн замнал маань дөнгөж эхлэж байна.
Оюутан байхдаа хэд хэдэн үзэсгэлэнд оролцож байсан ч одоо болтол өөртөө нэмэх үнэлгээ өгчих бүтээл гаргаагүй л байна. Нэг юм хийчихээд харахаар ингэсэн бол илүү байж, тэгэх байсан юм гээд чамлалтай санагдаад байдаг юм. Тэгээд ч өдөр болгон эргүүлгийн ард суухгүй, суулаа гэхэд нухсан шавар бүр бүтээл болохгүй. Тэгээд ч керамик зардал өндөртэй. Шавраа сонгож, татаж аваад 2-3 төрлийн шавар хольж зуурч, шатаах, чимэглэх, пааландах гээд олон шат дамжлагатай, тэр нь сайн бүтээл болох эсэх нь тодорхойгүй. Өөрийнхөө ихэнх бүтээлийг найз нөхөддөө бэлэглэдэг.
Нэгэнт нэг бүтээлийнхээ ашгаар дараагийнхаа бүтээлийг бий болгож чадахгүй учраас өөр зүйл хийх хэрэгтэй болдог. Тиймээс би чимэглэлийн баримал хийдэг, бас “Ceramic art studio” дээр багшилж байна. Аль ч уран бүтээлч хүнд хийсэн зүйлээ хүмүүст хүргэх хүсэл бий. Энэ бол уран бүтээлдчийн аз жаргал, цаашилбал дараагийн бүтээлээ сайн хийх эсэхтэй шууд хамааралтай. Тиймээс надад ч гэсэн эргүүлгийн төрлөөр дагнасан бүтээлээр үзэсгэлэн гаргах бодол бий.