УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Хашир парламентч тэрбээр 1950 оны энэ өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрснийг УИХ-ын вэб сайт дахь танилцуулгаас нь олж мэдэв. Төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэдгийг нь сонирхохоор түүний 9911… дугаар руу утас цохилоо.
-Танд төрсөн өдрийн баяр хүргэе. Энэ өдрийг яаж тэмдэглэх гэж байна даа?
-Би төрсөн өдрийг нэг их сүр болгож тэмдэглэдэггүй. Гэр бүлийнхээ хүрээнд л бусдын адил буузаа идэж, цомхон ёслоод өнгөрдөг. Энэ жил Архангай аймгийн Цэнхэр, Төвшрүүлэх, Хотонт, Өгийнуур, Хашаат, Өлзийт сумаас “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон, “Алтан гадас” одон авсан ахмад настнуудыг Улаанбаатарт урьсан. Тэдэнтэй уулзаж, шагналыг нь гардуулна. Нутгийнхантайгаа төрсөн өдрөө өнгөрүүлнэ дээ. Өнөөдөр (өчигдөр) УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн баяр хүргэж, цэцэг барьсан. Маргааш хуралгүй учир урьдчилж өгсөн нь тэр гэнэ.
-Гэр бүлийнхэн тань ажлаасаа ирэхийг хүлээж, баярын бэлтгэл базаагаад хүлээдэг байх даа.
-Манайх хоёр охинтой. Манай гурав баяр хүргэж, бэлэг өгдөг юм аа.
-Та ямар бэлгэнд дуртай вэ?
-Би ийм тийм бэлэг авахсан гэж ер боддоггүй. Надад хүмүүс заан их өгдөг. Тэгсээр зааны цуглуулгатай болчихсон.
Э.ЭНХМАА