Буудлагын спортоор Лондоны олимпийн эрх олгох хамгийн сүүлийн тэмцээн буюу Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-22-нд Катарын нийслэл Доха хотноо болно. Эрэгтэй, эмэгтэй 15 дасгалд олимпийн 35 эрх олгох уг тэмцээнд Монголын 19 мэргэн бууч оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.
Азийн аварга шалгаруулах тэмцээний урт бууны дасгалд эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрөв, эрэгтэй гар бууны төрөлд хоёр, эмэгтэй гар бууны дасгалд таван тамирчин оролцох юм. Түүнчлэн залуучуудын ангилалд дөрвөн тамирчин онч мэргэнээ сорих аж.
Баг тамирчид Монголын буудлага спортын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Л.Ундралбат, дасгалжуулагч Б.Алтанцэцэг, урт бууны шигшээ багийн дасгалжуулагч С.Адилбиш нарын удирдлага дор оролцох юм.
А.АМИНА