Р.Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын сургуулийн хамт олон үсчин, гоо заслын мастер технологич мэргэжлээр суралцан, төгсөж буй оюутнуудаас нэгэн өвөрмөц шалгалт авчээ. Азийн мэргэжлийн сургуулиудын жишигт нийцсэн ийм шалгалтыг Монголдоо анх зохион байгуулснаараа онцлогтой гэнэ.
Чадварт суурилсан оюутнуудын хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх, мэргэжлийн хариуцлагыг ухамсарлуулах, төлөвшүүлэх зорилготой уг шалгалтыг үсчин, гоо засалч гэсэн ангиллаар явуулсан бөгөөд үс заслын болон гоо заслын технологич мэргэжил эзэмшиж байгаа 44 оюутан оролцжээ. Өнгөрсөн долоо хоногт нээлттэй зохион байгуулсан шалгалтыг ажил олгогчдын төлөөлөл, мастер үсчин, мастер гоо засалчдын баг дүгнэсэн байна.
Уг арга хэмжээ нь уралдаан биш, олон улсын стандартад нийцсэн шалгалтыг эх орондоо нэвтрүүлэх анхны алхам байсан гэж зохион байгуулагчид нь мэдээлэв.
Ж.ЭРДЭНЭ