Монголын тайзнаа дэлхийн шилдэг балетчдыг бүжиглүүлж байсан Д.Алтанхуяг энэ удаа дахин гайхалтай бэлэг барих гэж байна. АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, “Монголын балетийн хөгжил” сангийн тэргүүн тэрбээр Английн хатан хааны “Роял опера” театрын гоцлол бүжигчин Тамара Рохог эх орондоо урьсан. Энэ сарын 14-нд ДБЭТ-ын тайзнаа тоглох А.Аданы “Жизель” бүжгэн жүжигт тэд гоцлох юм.
Д.Алтанхуяг “Би энэхүү тоглолтоо “Winter Star” гэж нэрлэсэн. “Жизель” балетийг сонгосон минь учиртай. Тамара Рохо Жизелийн дүрээр дэлхийд үнэлэгдсэн, гайхалтай бүжигчин” хэмээсэн. “Дэлхийн том театруудын чансааг илэрхийлдэг уг балетийг монголчууд “Роял опера” театрт очиж үзэх боломж тэр бүр олдохгүй. Тиймээс Т.Рохо Монголд ирж, Д.Алтанхуягтай “Жизель”-д бүжиглэх болсон нь маш том завшаан” гэж “Төгөлдөр” сангийн тэргүүн, хатагтай Х.Отгонтуяа ярьсан.
Өөрт нь хайртай гэж итгэж, эрхэмлэж явсан хүндээ хууртсаны улмаас галзуурч, амь тавьдаг эмгэнэлт түүхийг өгүүлдэг “Жизель” балетийг анх 1841 онд Парисын театрт амилуулсан түүхтэй.
Ж.ЭРДЭНЭ