Дэлхий дээр өдгөө Ерөнхийлөгч “мэргэжил”-тэй 153 хүн бий. Пүүс, корпораци эсвэл, элдэв холбооныхон энд хамаагүй шүү. Ихэнх төрийн тэргүүн дөрвөн жилд нэг удаа сонгогддог байтал дархлагдсан “хүнд гар”-ууд ч байх. “Завсарлага” булангаараа энэ удаа дэлхийн улс, орнуудын Ерөнхийлөгчийн настай холбоотой мэдээллүүдийг хүргэж байна. Ихэнх орон Ерөнхийлөгч нь 40-өөс дээш настай байхыг хуульчилсан байдаг.
Харин АНУ, Австри, Кипр, Чили зэрэг улсад Ерөнхийлөгчид нэр дэвших хүн 35-аас дээш настай байх ёстой. Тэгвэл Австрали, Голланд, Дани зэрэг улсад 18-аас дээш настай хүмүүс Ерөнхийлөгч болон Парламентын бүх шатны сонгуульд нэр дэвших боломжтой аж. Гэвч ийм тохиолдол өнөө хэр гарч байсангүй. Харин манайд Ерөнхийлөгчийн насны шаардлагын хувьд харьцангуй хөгшинд тооцогддог юм билээ.
Монгол Улсын Үндсэн хуульд “Ерөнхийлөгчид нэр дэвших хүн Монголын иргэн бөгөөд Монголд төрсөн, доод тал нь 45 настай байх. Ерөнхийлөгчид нэр дэвшихээсээ өмнө Монголд таван жил амьдарсан байх ёстой” гэсэн шаардлага бий.


ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НАСТАЙ ХОЛБООТОЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД
АНУ
АНУ-д 35 нас хүрсэн хүн ерөнхийлөгчийн болон дэд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхтэй болдог. Тус улсад 1972 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд 31 настай Линда Женнесс хэмээх бүсгүй өрсөлдөж, 83 мянган хүний санал авч байв
Чили
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүн 40-өөс дээш настай байх ёстой хэмээн Үндсэн хуульдаа заасан байсан бөгөөд 2005 оноос хойш 35 болгож өөрчилжээ. Харин 1925-1981 онуудад нэр дэвших нас 30 байсан байна.
Канад
Канадын Ерөнхийлөгчид нэр дэвших хүн 30-аас дээш настай, сарын орлого нь 4000 ам.доллараас дээш байх ёстой гэсэн шаардлага бий.
Итали
Тус улс Ерөнхийлөгчид нэр дэвших насыг хамгийн өндрөөр тооцсон орнуудын нэг юм. Учир нь Италийн төрийн тэргүүн заавал 50- иас дээш настай байх ёстой.
Ж.ТЭГШЖАРГАЛ