Энэ онд Монголд болох олон улсын таван томоохон тэмцээний анхных нь маргааш эхэлнэ. Анхны жилдээ дэлхийн шилдгүүдийг авчирч чадсан “Mongolian open” тэмцээн энэ жил FILA-гийн соёрхолд багтаж “А” зэрэглэлтэй болж, хоёр дахь удаагаа зохиогдож байна. Тэмцээнийг манай улсаас гадна Болгар, ОХУ-ын шүүгчид шүүнэ. Тэмцээний ерөнхий ажиглагчаар Олон улсын бөхийн төрлүүдийн холбооны төлөөлөгч Болгарын иргэн Валентин Гецов, нарийн бичиг шүүгч ОХУ-ын иргэн Алексей Балзулин нар иржээ.
Красноярскийн алтан гран при болон гуравдугаар сард болох олимпийн эрх олгох тэмцээний өмнөх томоохон сорил гэдгээрээ “Mongolian open” онцлогтой. Энэ жил АНУын бөх, дэлхийн хошой аварга Кристи Дэвис, Кларисиа Чун, дэлхийн аваргын мөнгөн медальт Мик Задик, Тажикстаны бөх, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Юсуп Абдулсаламов, дэлхийн аваргын хошой мөнгө, Европын гурван удаагийн аварга, ОХУ-ын шилдэг бөх Лориса Ооржак, дэлхийн аваргын мөнгөн медальт Азкай Лопез, дэлхийн аваргын хүрэл медальт Иное Яшико тэргүүтэй шилдгүүд “Mongolian open 2012” тэмцээнд хүч сорино
. Манай улсаас Ж.Чулуунбат, Э.НямОчир, Г.Мандахнаран, С.Батцэцэг, О.Бурмаа, Б.Оюунсүрэн, Д.Отгонцэцэг, О.Насанбурмаа, Ц.Энхжаргал, Д.Нармандах, Б.Одончимэг тэргүүтэй шилдгүүд тэмцээндээ оролцохоор бэлтгэлээ базаасан. Энэ удаагийн тэмцээнд 16 орны 320 орчим тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ. Мөн “Mongolia Open-2012”-д 1980-1990-ээд онд барилдаж байсан алдарт бөхчүүд урилгаар ирнэ.
Х.Уянга