Хорвоог орхисон ч гайхамшигт бүтээл нь зуун зуун дамнан хүн төрөлхтний оюуныг мялааж буй хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховен мөнгөөр гачигдаж, ядуу тарчиг амьдарч байсныг гэрчлэх нэгэн захидлыг хөгжмийн зохиолч Франц Штокхаузений зээ охин хадгалж байсныг ХБНГУ-ын Брамсын институтэд хүлээлгэн өгчээ. Тэрбээр нас барахаасаа дөрвөн жилийн өмнө буюу 1823 оны долоодугаар сард 53 насандаа дотнын анд Франц Штокхаузенд уг захидлыг илгээсэн байна.
Зургаан хуудас бүхий захидалд “Өвчний улмаас сульдаж доройтсон бие минь, дээрээс нь өчүүхэн орлого минь намайг улам ихийг хийхийг шаардаж байна” гээд “Missa Solemnis” хэмээх бүтээлээ дуусгахад нь мөнгөн тусламж үзүүлэх буянтай хүн байгаа эсэхийг асуусан байжээ. Мөн тэрбээр нүдний өвчин нь хүндэрч, зовоож байгааг дурдаад үеэлийнх нь сургалтын төлбөр их өндөр тухай найздаа бичсэн байв.
Захидлын төгсгөлд “Надад илгээх захидлаа зүгээр л “Л. в. Бетховен, Вена” гээд хаяглахад л болно” гэж бичсэн нь тэрбээр олонд танигдсан, нэр хүндтэй нэгэн байсныг гэрчлэх аж. Гаргац муутайн дээр энд тэндгүй мөр баллан бичсэн уг захидлыг тус институтийнхэн ирэх долоо хоногт олон нийтэд дэлгэхээр төлөвлөжээ.
Ж.ЦЭЦЭГ