“Германы уран бүтээлч Гезине Марведелийн гарт бийр, будаг байхад л хангалттай. Тэрбээр хүнийг шувуу, бар, хорхой гээд элдэв зүйлийн амьтан болгон “илбэх” увидастай” гэж алдартай нэгэн шүүмжлэгч хэлжээ. Гезине мэргэжлийн зураач биш, бийр, будаг нийлүүлэх нь түүний хообий гэнэ. Биен дээрх урлаг түүний шинэ хообий нь. Тэрбээр дунд сургуулиа төгсөөд өөрийн хүсэлтээр хүмүүнлэгийн тусламж хүргэх багт нэгдэн Энэтхэг улс руу явжээ. Тэнд ядууст тусалж, өвчтэй болон өнчин хүүхдүүдийг асарч байсан нь эргэлт буцалтгүй эмч болох хүсэлд хөтлөн, Анагаах ухааны дээд сургуульд орж, төгссөн байна. Гэхдээ төөрөг зургаараа явна гэдэгчлэн урлаж бүтээх нь түүний тавилан байсан бололтой.

Гезине өдгөө олон улсад танигдсан уран бүтээлч болжээ. “Боди арт урлагаар амжилтад хүрсэн минь Энэтхэг оронтой холбоотой. Энэтхэгчүүд гар, бие дээрээ бэлгэдлийн чанартай янз бүрийн зураг зурдаг уламжлалтай. Энэ нь надад нөлөөлсөн ч байж болох юм” хэмээн тэрбээр ярьжээ.
