Урд хөршийнхөн бараа бүтээгдэхүүнийг дуурайлган хийхдээ гаргуун. Дэлхийн нэртэй брэндийн гутал, хувцсыг хуурамчаар үйлдвэрлэх нь энүүхэнд. Тэд энэ удаа тахианы өндгийг химийн аргаар гарган авчээ. Тус улсын зүүн хойд хэсгийн Хармөрөн, Шаньдун, Гуандун зэрэг мужид хулхины өндгийг хэдийнэ борлуулаад эхэлсэн нь илэрчээ. Химийн аргаар гарган авсан уг бүтээгдэхүүнийг “резинэн өндөг” хэмээн тодорхойлж байгаа бөгөөд гаднаас нь хараад тахианыхаас ялгахын аргагүй гэнэ.
Харин зах зээлийн үнээс 10 дахин бага үнээр борлуулж байсан хуурамч өндөгний хальс нэлээд бөх. Чанасны дараа цагаан, шар “уураг” нь хатуурч яг л резин шиг болж, бохь шиг сунадаг юм байна. Хуурамч өндөгний уургийг цэлцэгнүүрийг альгинат натритай урвалдуулан гарган авч, будагч бодис хольдог аж. Хальсны найрлагад нь карбонат кальци, парафин, гипс орсон гэнэ. Нэг ширхэг резинэн өндгийг таван фэн (10 фэн нэг мо, 10 мо нэг юань)-ийн өртгөөр хийж, таван могоор зардаг байна.
Мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар ийм өндгийг удаан хугацаанд хэрэглэвэл хүүхдийн оюуны хөгжил удааширч, улмаар зогсонги байдалд орох, томчуудын мэдрэлийн систем гэмтэх аюултай гэсэн.
Ж.ЭРДЭНЭ