Уран бүтээлчдийг дэмжих, тэдний хөдөлмөрийг үнэлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох тухай журам”, “Оны шилдэг бүтээлч шалгаруулах журам”-ыг батлан хэрэгжүүлж байгаа. Засгийн газрын 195 дугаар тогтоолын дагуу 2008 оноос жил бүр зохион байгуулж буй оны шилдэг уран бүтээлч шалгаруулах “Мөнгөн мод” наадмын шалгаруулалт явагдаж байна.
Энэ жилийн “Мөнгөн мод”-од “Тайз дэлгэцийн шилдэг найруулагч”, “Тайз дэлгэцийн шилдэг зураач”, “Тайз дэлгэцийн шилдэг жүжигчин”, “Шилдэг бүжигчин”, “Шилдэг хөгжимчин”, “Шилдэг дуучин”, “Шилдэг утга соёлын өвийг эзэмшигч” зэрэг номинацид 21 уран бүтээлч нэр дэвшжээ. Ё.Отгонбаяр сайдын тушаалаар байгуулсан есөн хүний бүрэлдэхүүнтэй комисс БШСУЯ-ны Соёл урлагийн бодлогын газарт ирүүлсэн уран бүтээлчдийн материалтай танилцаж дууссан аж.
Одоо бүтээлтэй танилцах үзэх ажил үргэлжилж байна. “Мөнгөн мод”-ын эзнийг энэ сард багтаан шалгаруулах бөгөөд шагнал гардуулах ёслолын ажиллагаа ирэх сард болно. Оны шилдэг уран бүтээлчдийг “Мөнгөн мод” цом, гурван сая төгрөг хүлээж буй.
Х.Уянга